Геологийн салбарт эрх зүйн шинэчлэл, ард иргэдийн зөв ойлголт, тогтвортой байдал хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-20 15:55:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 83 жилийн ой тохиож байна. Ойд зориулан “Монголын болон бүс нутгийн геологийн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний “GIMAR-2022” хурал МУИС-д болж, манай улсын геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд оролцон хэлэлцүүлэг өрнүүлж байна.



Энэ талаар Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүйгээс тодруулахад, аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн талаарх бодлого нь геологийн салбартай салшгүй холбоотой байдаг. Энэ талаар бид тодотгож хэлэлцэж байна. Өнөөдөр геологийн салбарт, орон нутагт уул уурхайн хайгуул, олборлолт, бүтээн байгуулалтыг явуулахдаа хөдөөгийн иргэдтэй ойлголцон ажиллах, мөн геологийн салбарын эрх зүйн шинэчлэлийг даруй хийх гэсэн хоёр том зорилт тулгарч байна хэмээн онцлов. 


Геологийн салбарт өнөөдөр ч төр, засгийн бодлого, дэмжлэг хэрэгтэй байгааг хэлэхдээ тэрбээр хууль эрх зүйн тогтвортой, ээлтэй байдал, шинэчлэгдсэн орчинг нэхэн өгүүлж байна.


Тэрбээр мөн, ард иргэд геологийг шинжлэх ухааны салбар гэдгийг мэддэггүй, шууд ирээд газар ухаж байгаль орчинд хор хөнөөлтэй байдаг хэмээн буруу ойлгодог тал бий. Тиймээс бид үүнд анхаарч, салбарынхаа талаар ард иргэдээ таниулан мэдүүлж, ойлгуулах ажлыг геологичид өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй байгаа гэв.


Геологийн салбарын хөгжлийн үр шим, геологичдын хүч хөдөлмөрийг Монгол Улс хүртэж ирсний тод жишээ нь “Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтууд юм.


Геологийн салбарын эрдэмтэн, судлаачид, геологичид чуулсан өнөөдрийн шйл ажиллагааны үеэр Монголын Геологийн Холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй, Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээлэн ТББ болон эрдэс баялгийн салбарын мэргэжлийн хэвлэл “Эрдэс баялгийн тойм” сонины захирал Г.Идэрхангай нар хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.


Геологи, хайгуулын салбарын түвшинд хэрэгжүүлж байгаа аливаа мэргэжлийн олон талт үйл ажиллагаа (хурал, зөвлөгөөн, сургалт, эрдэс баялгийн боловсрол, мэргэжлийн судалгаа, хээрийн аялал, гадаад, дотоод томилолт, эрдэмтэн судлаачдын мэргэжлийн үнэ цэнийг өргөх, олон нийтэд сурталчлах) болон хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр тэд хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх юм.




Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Related news