Б.Элбэгзаяа: Эрдэс баялгийн салбарын эрхзүйн шинэчлэл технологийн өөрчлөлттэй нийлж явах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-21 12:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн хурал "Миллениум Плаза" зочид буудалд болж байна.


Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхай, эрдэс баялгийн салбарт “Олборлолтоос боловсруулалт руу шилжих” зорилт тавьж буй юм. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй эрдэс боловсруулалтын технологийн шийдлүүдийг дээрх хурлаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяагаас тодруулга авлаа.


Тэрбээр, “Бид уул уурхайн салбарын 7 хоног зэрэг өмнөх үйл ажиллагаагаар далд болон үүсмэл ордуудын ашиглалтын талаар хөндсөн бол өнөөдөр мөн л баяжуулалт, олборлолтын технологийн шийдлүүдийг боловсруулалтын салбарын хэмжээнд хэлэлцэж байна. Уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжтай гаргах зорилтын хүрээнд мөн хууль эрх зүйн олон шинчлэлийг хийхээр төлөвлөж байна. Энэ нь салбарын олборлолт, боловсруулалтын техник, технологийн шинэчлэлийн ахиц хурдацтай нийлж явах ёстой болж байна хэмээн онцоллоо.


Уул уурхайн салбарт хийхээр төлөвлөж буй, хүлээгдэж буй хууль эр хзүйн шиинэчлэлийн талаар тодруулбал тэрбээр:

  • Ашигт малтмалын тухай хуульд эрдсийг баяжуулах, боловсруулах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэх,
  • Хүнд үйлдвэрийн тухай хуульд мөн боловсруулалтын түвшинг нэмж оруулах,
  • Үйлдвэрлэл-технологийн паркийн тухай хууль,
  • олсон орлогоо хуваарилах Баялгийн сангийн тухай хууль,
  • худалдан борлуулах дэлхийн зах зээлд эрдсийн гаралтай бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадамжтай худалдах,
  • Эрдэс баялгийн Биржийн тухай хуулиудыг дурдаж, салбарын хэмжээнд ийм эрх зүйн суурь тавигдаж буйг тодотголоо. 

 

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг, цаашид бид үйлдвэр доторх техник гэхээс илүүтэй гадаад зах зээлийн өөрчлөлт, олон улсын хэрэглэгчдийн хэрэгцээний стандарт зэрэг олон улсын зах зээлд тавигдаж буй, өөрчлөгдөж буй шаардлагыг авч үзэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Өөрчлөлтийн давлагаатай уялдаад дэлхийн томоохон тоглогч нар бүтэцдээ өөрчлөлт оруулж, нийлүүлэгчид ч гэсэн бүтцээ шинэчлэх хэрэгтэй болж байна.




Өмнө нь анхдагч нүүрсийг шууд нийлүүлдэг байсан бол одоо хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж, нүүрсээ хийжүүлж экспортлох зэрэг шаардлага гарч байгаа гэсэн үг. Тиймээс бид үүсээд буй нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж, холбогдох шат шатны бэлтгэлийг хангаж байна. Технологи болон хөрөнгө оруулалт, хэрэглэгчтэй харилцах, тэднийг сонгох зэргээс гадна экспортын орлогыг бууруулахгүй байх эрсдэлийг харгалзах хэрэгтэй болж байна гэв.




Манай улсын уул уурхай, эрдэс баялгийн гол худалдан авагч нар уул уурхайн эцсийн болон нойтон, хуурай аргаар боловсруулсан бүтээгдэхүүн авах сонирхолтой байна. Ингэснээр эрдсийн тонн тутам дах үнэ ханш өндөр болж, стандарт болон хэрэгцээ шаардлага зэрэгцэн өсөн нэмэгдэж байна.


Тиймээс уул уурхайн салбарт одоо хэрэгжиж буй төслүүд, өнөөдрийн явагдаж буй уул уурхайн үйлдвэрлэл илүү их боловсруулалт шаардаж, энд техник, технологийн шинэчлэл, уул уурхайн бирж байгуулах, салбарын хэмжээнд кластерийн системээр ажиллах зэрэг менежментийн болон зохицуулалтын нөхцөл байдал үгүйлэгдэн нэхэгдэж буйг Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос зохион байгуулж буй өнөөдрийн хурлаар хэлэлцэж байна.





Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Related news