ХОВД: Иргэдийн 60-70 хувийг боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр хангах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-31 09:39:24

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Ховд аймагт ажиллалаа. 


Ховд аймагт 2022 оны байдлаар мах махан бүтээгдэхүүний 8 үйлдвэр, гурил гурилан бүтээгдэхүүний 58, сүү сүүн бүтээгдэхүүний 61, ус ундааны 13 нийт 140 гаруй аж ахуйн нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. 



Зөвлөх Ч.Даваабаяр тус аймгийн Жаргалант суманд байрлах "Хан Жаргалант Ховд" мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.   

“Хан Жаргалант Ховд” мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр өдөрт 2-3 тонн мах боловсруулан 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Анх 2004 онд 2 орон тоотой байгуулагдаж байсан “Хан” хиамны цех ийнхүү томоохон үйлдвэр болон өргөжиж аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна.

Тус компани өнөөдрийн байдлаар 20 хүний орон тоотой, үйлдвэрийн хүчин чадлынхаа 30-40 хувийг ашиглаж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 40-50 хүнийг байнгын ажлын байраар хангаж, баруун бүсийн аймгуудын иргэдийн 60-70 хувийг боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр хангах боломжтой гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.






Related news