ОРХОН: Монгол Улс болон Нидерландын Хаант улсын ажил олгогчдын холбооны төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-02 14:39:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улс болон Нидерландын Хаант улсын ажил олгогчдын нэгдсэн холбоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочилж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод зэрэг үйлдвэрлэлийн үндсэн цехүүд, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Гагнуурын сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтнүүд үйлдвэрийн газрын нийт 1580 ажил мэргэжилд чадамжийн стандарт боловсруулсан юм. Эл багийн ажилтай танилцахын зэрэгцээ нэмэлт зааварчилгаа, зөвлөгөө өгч, чадамжийн стандартаа ажил мэргэжлийн стандарт болгоход нь Нидерланд улсын туршлагаас тусгах, цаашид хамтран ажиллах зорилготой байгаагаа Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар энэ үеэр онцоллоо. 

Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллахдаа тус үйлдвэрийг түшиглэн, уул уурхайн салбарын Чадамжийн үндэсний төвийг байгуулах том зорилтыг дэвшүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт ажиллаж буй мэргэжилтэй ажилтнуудын чадамжийг тодорхойлж, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн чадамжийг сайжруулах чиглэлээр үндэсний хэмжээний Чадамжийн төвийг байгуулах юм.
Мөн Нидерландын Хаант улсын ажил олгогчдын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан менежер Мартини Робертз, “Ажил олгох хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улстай хамтраад, багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажил мэргэжлийн стандартын бодит байдалтай танилцаж, энэ чиглэлээр хэрхэн хамтарч болох талаар ярилцаж, санал солилцохоор ирсэн. Тус үйлдвэрт чадамжийн стандарт нэвтрүүлэх ажил ахицтай байгааг харлаа” гэв.

Related news