ГОВЬ-АЛТАЙ: "Мянган жангарч" төслийг аймгийн хэмжээнд нэгэн зэрэг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-03 15:02:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын аяныг энэ сарыг дуустал өрнөнө хэмээн Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.


-“Энэхүү аяны хүрээнд Соёл урлагийн газраас салбарын бусад байгууллагатай хамтран үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын хүрээнд хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлэн ажиллана” гэлээ. Тодруулбал, бүтэн сарын турш дараах дөрвөн үндсэн чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулна. 

Нэгдүгээр долоо хоног: “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”,

Хоёрдугаар долоо хоног: “Бүх нийтийн соёлын боловсрол”, 

Гуравдугаар долоо хоног: “Соёлын үйлдвэрлэл”, 

Дөрөвдүгээр долоо хоног: “Соёлын аялал жуулчлал” гэсэн чиглэлээр зохион байгуулах ажээ.


Говь-Алтай аймагт “Мянган жангарч” төсөл хэрэгжихээр бэлтгэл ажлаа хангаж буй юм. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд нэгэн зэрэг эхлүүлэх юм. Мөн аяныг “Монгол жангар хайлах” өвийн талаарх танин мэдэхүйн хичээлийг аймгийн Ерөнхий боловсролын 29 сургуулийн сурагчдад зааж эхлүүлсэн байна.

Түүнчлэн угийн бичиг хөтлөх аргазүйн сургалтыг аймгийн төв Есөнбулаг суманд зохион байгуулах юм. Энэхүү сургалтыг есдүгээр сарын 26-наас өрнөж эхэлсэн “Өрх бүрт соёлыг түгээе” аяны хүрээнд хөдөөгийн сумдад явуулсан бол “Соёлын бүтээлч сар” аянаар Есөнбулаг сумын иргэдэд зааж сурган сургагч багш бэлтгэхээр төлөвлөөд буй ажээ.

Дээрх ажлуудаас гадна Говь-Алтай аймгаас төрөн гарсан алдартан гавьяатнуудыг алдаршуулах зорилгоор сум бүрийн соёлын төвд “Бахархлын булан”-г баяжуулах, шинээр байгуулах ажлыг зохион байгуулна гэлээ. Харин “Соёын үйлдвэрлэл” үйл ажиллагааны хүрээнд Инновац судалгаа, бизнес хөгжлийн төвтэй хамтран 

-Алтайн ятга хөгжмийн “Чүрэ” чуулгын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах контентыг бэлтгэх,

-Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг таниулах, тэднийг алдаршуулах цуврал контент бэлтгэж цахим хуудсаар нийтийн хүртээл болгох аж. Энэ мэтчилэн олон талт ажлуудыг энэ сарыг дуустал хийхээр төлөвлөөд байгаа тухай тус аймгийн Соёл урлагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Амгалан танилцуулав.


Related news