ТӨВ: Энэ онд 291,0 мянган тонн ургац хураан авч шилдгүүдээ тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг энэ онд 291,0 мянган тонн ургац хураан авч, аймгийнхаа 27 сумын газар тариалангийн салбарын шилдгүүдээ өнөөдөр тодрууллаа.
“Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян”, “Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах аймгийн бодлого” зорилтын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тариаланчдын уйгагүй хичээл зүтгэл, байгаль цаг уурын тааламжтай нөхцөлийн үр дүнд өндөр ургац хураан авчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан улс орон даяар өрнөж буй "Хүнсний хувьсгал" хөдөлгөөний нээлтийн үеэр аймагтаа ургац хураалтаараа тэргүүлсэн сумдыг шалгаруулан шагналыг гардуулан өглөө.
Үр тарианы нийт ургацаар Эрдэнэсант сум тэргүүлсэн ба энэ онд 12504 га талбайд үр тариа тариалж, 14283 тн ургац хураан авсан байна.
Төмсний нийт ургацаар Жаргалант сум тэргүүлсэн ба энэ онд 9864 га талбайд төмс тариалж, 109581 тн ургац хураан авчээ.
Хүнсний ногооны нийт ургацаар Борнуур сум тэргүүлсэн бөгөөд 404,3 га талбайд хүнсний ногоо тариалж, 6682 тн ургац хураан авсан байна.
Аргалант сум 2022 онд 3779 га талбайд таримал тэжээл тарьж, 14457 тн ургац хураан авсан ба таримал тэжээлийн нийт ургацаараа тэргүүлжээ. Хүлэмжийн нийт ургацаар Эрдэнэ сум тэргүүлсэн ба энэ онд 2.8 га талбайд хамгаалагдсан хөрсний тариалалт хийж, 96 тн ургац хураан авсан байна.
Жимс, жимсгэний нийт ургацаар Батсүмбэр сум тэргүүлжээ. Тус сум нь 2022 онд 250 га талбайд жимсний тариалалт хийж, 51 тн ургац хураан авчээ. Үр тарианы нэгжийн ургацаар Архуст сум тэргүүлсэн бөгөөд 2636 га талбайд үр тариа тариалж, 6652 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 25.2 цн ургац хураан авлаа.
Энэ онд 279.2 га талбайд төмс тариалж, 4305.7 тн ургац хураан авч нэгж талбайгаас 154 центнер ургац хураан авсан амжилтаар Батсүмбэр сум төмсний нэгжийн ургацаараа тэргүүлжээ. Хүнсний ногооны нэгжийн ургацаар Угтаалцайдам сум тэргүүлсэн ба энэ онд 202.6 га талбайд хүнсний ногоо тариалж, 3411.8 тн ургац хураан авч, нэг га талбайгаас 168.4 цн ургац хураан авчээ.
Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийн нийт ургацаар Сэргэлэн сумын “Атрын шим” ХХК тэргүүн байрт шалгарсан бөгөөд энэ онд 0.7 га талбайд тариалалт хийж 43.7 тн ургац хураан авсан амжилттай байна.
Мөн 2022 оны Шилдэг агрономич, инженер, механикжуулагчдаа шалгаруулсан юм. Архуст сумын агрономич Хашбаатарын Хишигбуян Шилдэг агрономич шагналыг гардан авсан бөгөөд улс, аймгийн дэвшүүлсэн бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлэн сумынхаа газар тариалангийн үйлдвэрлэлийг мэргэжлийн түвшинд оновчтой, удирдлага зохион байгуулалтаар ханган тогтворжуулж, 2022 онд улаанбуудай 600 га, төмс 50 га, хүнсний ногоо 221 га, тосны ургамлыг 537 га-аар тус тус нэмэгдүүлэн ажилласан байна.
Шилдэг инженерээр Цэндийн Түмэндэмбэрэл шалгарсан бөгөөд газар тариалангийн салбарт 30 жил ажиллаж байгаа ба орон нутгийн болон сум дундын техник засварын цех ажиллуулж жилд 3 сумын 36 иргэн аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлж байна.
Төмсний комбайнд ангилан ялгаж шуудайлах нэмэлт төхөөрөмж суурилуулсан, төмсний мөр хоорондын сийрүүлэгч маналт хийх тоног төхөөрөмжийг автомат тохиргоотой болгосон зэрэг шинийг санаачлан хийж, туршин үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн.
Шилдэг механикжуулагчаар Сандагийн Цэндээхүү
шалгарсан бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлд 20 жил ажилласан. Сумандаа
техник дундын үйлчилгээ үзүүлж жилдээ 11 иргэн, аж ахуйн нэгжийн 1000 орчим га
талбайд биет ажил хийж, таримал тэжээл, төмсний тариалалт, хураалтын ажлыг
хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг тэргүүний механикжуулагч юм.






