Монголын хамгийн өмнөд цэг Улаанбаатараас 859 км зайд оршдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬМонголын хамгийн өмнө цэг Орвог гашууны бор толгой нь Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ ус багийн нутагт байдаг билээ. Хамгийн хойд захын цэг Монгол Шарын даваанаас Орвог гашууны Бор толгой хүртэл 1259 км байдаг байна.
Дэлхийн 2 дугаар дайны дараа олон улс орны газар нутагт өөрчлөлт орсны нэг нь Монгол байлаа. 1957 онд ЗХУ-тай хилийн цэсээ бүрэн тохирсон гэж түүхэнд бичиглэсэн байдаг бол 1962-1963 онуудад БНХАУ-тай хилийн цэсээ бүртгэн тогтсон ажээ.
Тухайн үеийн Монгол улсын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал БНХАУ-ын ерөнхий сайдын урилгаар Бээжинд айлчлахдаа хоёр улсын хил тогтоох комисс байгуулсан байдаг байна. Тэрхүү комисс 4677км хилийн цэс тогтоон 639 багана бүхий тэмдэглэлээ босгожээ. Ингэж тэмдэглэхэд Монголын хамгийн өмнө цэг сүндэрлэн боссон түүхтэй гэнэ.
Орвог гашууны бор толгой нь Улаанбаатар хотоос 859 км зайд оршдог юм. Сүүлийн жилүүдэд тус бүс нутгийг зорих дотоодын аялагчдын тоо ихэссэн нь Монголчууд эх орноороо бахархах болсны илрэл гэж хилийн цэргийн 0131 дүгээр ангийнхан хэлж байна. Тухайн өмнөд цэгийг үзэхийг хүсвэл Хил хамгаалах ерөнхий газраас хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл авдаг гэнэ. Мөн энд ирсэн аялагчид ээж хад, эхийн умай, дуут манхан гээд говь нутгийн үзэсгэлэнг үзэх боломжтой байдаг ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн