ДАРХАН-УУЛ: “Хүмүүн бичиг” сонин сургалтын гол үндсэн хэрэглэгдэхүүн болж чаддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд үндэсний бичгээр хэвлэн нийтэлдэг цор ганц сонин бол “Хүмүүн бичиг” юм. Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг уг сониныг ЕБС-ийн сургуулийн сурагчид түлхүү захиалан уншдаг.
Орон нутгаас
Дархан-Уул аймаг хамгийн олон захиалагчтай төдийгүй үндэсний бичгийн улс,
бүсийн чанартай тэмцээн уралдаанд багш, сурагчид тогтмол амжилт үзүүлдэг. Тухайн
амжилт нь багш, сурагчийн хичээл зүтгэлээс хамаарах ч зарим тохиолдолд “Хүмүүн бичиг” сонин нь
үндэсний бичгийн сургалтын гол үндсэн хэрэглэгдэхүүн болж чаддаг хэмээн Монгол
хэл, бичгийн багш нарын төлөөлөл онцолж байна.
Түүний нэг нь БШУЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналын эзэн Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн Монгол, хэл бичиг, уран зохиолын багш Н.Цолмон юм. Боловсролын салбарт 27 дахь жилдээ ажиллаж, үндэсний бичгийн аймаг, бүс, улсын уралдаанд өөрөө болон шавь нараа бэлтгэн олон амжилт үзүүлжээ. Түүний шавь нар Монголын сайхан бичигтэн анги хамт олон болж багш, сурагчдын хичээл зүтгэл үнэлэгдэж сурсан мэдсэнээрээ улсдаа тэргүүлсэн шавь нарынхаа амжилтаар бахархаж байлаа.
Хүүхэд бүхэн сургуульд орсон цагаасаа эхлэн үндэсний бичгээ үзэж эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэгч байх ёстой гэж боддог. Гэвч ЕБС-ийн сургалтын системд үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхлэн үзэх программтай аж. Гэхдээ суурийг нь зөв тавьж эх хэл, үндэсний бичиг нь бидний заавал сурах зүйл гэдгийг хичээл бүртээ ойлгуулж чаддаг болохоор шавь нар маань үндэсний бичигт сонирхолтой болж, шамдан суралцаж буйг харах сайхан байдаг гэв.
Дархан-Уул
аймгийн 16 дугаар сургуулийн дунд, ахлах ангиуд “Хүмүүн бичиг” сонин захиалан
уншдаг төдийгүй багш нар нь захиалж үндэсний бичгээ сурах, түгээн дэлгэрүүлэхэд
чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.
Улс үндэстний оршин
тогтнох соёл, сэтгэлгээний хамгийн том баталгаа болсон монгол хэл, бичгээ
сурч судлах, хэрэглэх, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх үйлс бол монгол хүн бүрийн
өмнөө хүлээсэн үүрэг байх
ёстой.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Монгол хэл, бичгийн үндэсний хөтөлбөрийг баталсан. Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн гол зорилго нь 2025 онд төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэл ажлыг хангахад чиглэгдсэн.
Тиймээс боловсролын салбарын алдаатай бодлогоос үүдэн үндэсний бичгийн хичээл зарим үед орхигдсон, богино хугацаанд сургалтын хөтөлбөрт орох зэргээс үүдэн бүх нийтээр сурах боломж бүрдээгүй.
Тиймээс хүүхэд бүр үндэсний бичгээ сурч түүнийг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой. ЕБС-ийн сурагчид зөвхөн өөрсдөө бичиг соёлоо сурч мэдэхээс гадна гэр бүлдээ дэлгэрүүлэгч чухал үүргийг давхар хүлээж байдаг нь маш том хариуцлага гэж Н.Цолмон багш онцолж байлаа.
Багшийн заах арга барилаас сурагчийн ур чадвар,
амжилт харагддаг гэдэг. Н.Цолмон багшийн шавь нар аймгийн хэмжээнд зохион
байгуулдаг үндэсний бичгийн олимпиад болох “Алтан үсгийн баяр”-т тогтмол
оролцож, жил бүр амжилт үзүүлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болдог. Мөн 2016
оноос хойш бэлтгэсэн анги хамт олон нь 2019 онд МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг”
сониноос зохион байгуулдаг “Монголын
сайхан бичигтэн” улсын уралдаанд тэргүүн байр эзэлж, Ерөнхий сайдын нэрэмжит
шагналыг хүртэж байжээ. Түүнчлэн зөвхөн үндэсний бичгээр дагнан уралдаан
тэмцээнд оролцохоос гадна Монгол хэл, бичгийн төрөлжсөн олимпиадад есдүгээр
ангийг бэлтгэн оролцуулж, аймгийн аварга болж улмаар улсын уралдаанд оролцож
тэргүүн байр эзэлжээ.
Мөн дээрх олимпиадуудад Н.Цолмон багшийн бэлтгэсэн Ц.Болоржин, Б.Намуунзаяа, Н.Болормаа нар амжилттай оролцож тусгай байр эзлэн, Улаанбаатар хотод Уран зургийн галерейд өөрсдийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулж байжээ.
Н.Цолмон: Монгол хүнийг дэлхийд таниулах хамгийн чухал, үнэт зүйл бол үндэсний бичиг юм. Үндэсний бахархал болсон үнэт өв, соёлоо хүүхдүүддээ заах, үндэсний бичиг үсэгт дуртай болгох, онцлох зүйлийг таниулж ойлгуулах нь монгол хэл, бичгийн багшийн гол үүрэг.
Түүний хичээл заадаг ангиуд 100 хувь “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншдаг. Учир нь хичээлийн үндсэн хэрэглэгдэхүүн, тарааж өгөх материал бэлтгэх шаардлагагүйгээр сонинд анхлан суралцагчдад, хичээнгүй бичиг, таталган бичлэгийн булан, анхан, дунд, гүнзгий шатны сургалтын хөтөлбөр цөм байдаг.
Мөн улс орны нийгэм, эдийн засаг, цаг үеийн бүхий л мэдээллийг авч чаддагаараа онцлогтой, нөгөөтэйгүүр сургалтын хөтөлбөртэй уялдуулан дүрмийн мэдээллийн булан, сурагчдын чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн сорил, даалгавруудыг “Хүмүүн бичиг” сонинд тогтмол нэмж оруулбал бүх шатны суралцагчдад тустай гэж багш, сурагчид онцолж байна.
16 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Н.Болормаа: Надад монгол бичиг сурах анхны арга барилыг Н.Цолмон багш зааж өгсөн. Багшаараа маш их бахархдаг. Учир нь хичээлийг маш ойлгомжтой, эх хэлний бахархал, бид яагаад үндэсний бичгээ өвлөн хадгалах үүргийг ойлгуулж чаддаг. Мөн зөвхөн үсгээ мэдэж уншиж чаддаг болох бус өөрийгөө нээх, сурсан мэдсэнээ аймаг, улсдаа үнэлүүлэх боломжийг давхар олгож чадавхжуулдаг.
Ер нь
үндэсний бичиг анх заалгаж буй хүүхэд бүрт хүндрэлтэй мэт санагдах боловч дор
бүрнээ хичээж чадвал амархан сурах боломж бий. Хувь хүний хичээл зүтгэл хэдийчинээ байна төдийчинээ түүгээрээ амжилт үзүүлнэ. Мөн бидний өөрсдийгөө
хөгжүүлэх, бие даан үндэсний бичгээ сурч, хөгжүүлэхэд “Хүмүүн бичиг” сонин
хэрэгцээтэй бүхий л мэдээллээр хангаж чаддагт баярладаг.
Ташрамд “Хүмүүн
бичиг” сонины хамт олондоо 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын их амжилт
хүсье гэв.
16 дугаар сургуулийн 11а ангийн сурагч М.Аманбек: Үндэсний бичиг нь өөрийн гэсэн бичиглэлийн хэлбэр, тогтсон дэг, дүрэмтэй учраас сурахад эхэндээ хүндрэлтэй байдаг. Юм бүхэн л анх сурахад хэцүү мэт санагддаг. Гэхдээ хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаалдаг. Миний тухайд үндэсний бичгээр анги нийтээрээ амжилттай суралцан “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд оролцож тэргүүн байрт шалгарах хүсэл эрмэлзэлтэй. Мөн тив, дэлхийн спортын тэмцээн, уралдаанд оролцох бүртээ монгол хүн гэдгээрээ бахархахын зэрэгцээ үндэсний бичиг соёлоо таниулахад сайхан байдаг гэв.
Ташрамд
М.Аманбек нь чөлөөт бөхийн спортын дэд мастер, улсын аваргын алт, хүрэл медаль,
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт тамирчин.
Үндэсний бичгийг иргэн бүр сурах зорилгоо болгох хэрэгтэй. Энэ утгаараа аймгийн хэмжээнд гэр бүл, төр, хувийн хэвшлийн байгууллагууд руу чиглэсэн цахим уралдааныг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэгч “Мэргэн шаваа” мэргэжлийн хөгжлийн бүлэг хамтран жил бүр зохион байгуулж байна.