ДУНДГОВЬ: “Сурагч насны гэгээн аялгуу” тоглолт үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-16 10:23:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн 12б ангийн сурагчид “Соёлын бүтээлч сар”-д “Сурагч насны гэгээн аялгуу” уран бүтээлийн тоглолтоо толилуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа. 


Гурван сурагч монгол, англи, япон хэлээр мэндчилгээ дэвшүүлснээр эхэлсэн энэхүү тоглолт үзэгчдийн нижигнэсэн алга ташилт дор үргэлжилсэн нь онцлог байлаа. 


“Цэгц билиг” сургууль нь Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. Монгол Улсын зөвлөх физикийн багш Д.Баттогос багштай 12б анги 27 сурагчтай бөгөөд сурлага, урлаг, спортоор сургуульдаа төдийгүй, сум, аймагтаа тэргүүлдэг анги хамт олон юм.


Нэгэн ангийн авьяаслаг сурагчид үе тэнгийн найз нөхөд, дүү нартаа бие биеэ хүндлэх, тусалж дэмжих, хайрлах зөв хандлагийг түгээх зорилгоор тоглолтоо “Эерэг байцгаая” уриан дор зохион байгуулжээ.  


Тус хамт олон Сургуулийн урлагийн бага наадмын 4 удаагийн аварга, аймгийн хүүхдийн урлагийн “Яргуй” наадмын хамтлаг бүжиг, хөгжмийн удаа дараагийн тэргүүн байрыг хүртсэн авьяаслаг сурагчидтай. Охид, хөвгүүдийн дууны хамтлаг, төгөлдөр хуур, ятга, лимбэ, ёочингийн гоцлол хөгжмүүдээр Улаанбаатар, Эрдэнэт хотын хүүхдийн урлагийн наадмаас шагналт байр, тусгай байрыг эзэлж байжээ.


Ангийн багш Д.Баттогос хэлэхдээ “Манай хүүхдүүд зөвхөн урлаг төдийгүй спорт, сурлагаараа ч гайхалтай сурагчид. Би хүүхдүүдээрээ маш их бахархдаг. Спортын төрөлд хийн буудлагаар дөрөв, сагс,  гар бөмбөгийн төрлөөр дөрвөн сурагч спортын зэрэгтэй төдийгүй, сургуулийн сагс, гар бөмбөгийн спортын аварга анги юм.


Улс, аймгийн төрөлжсөн болон нэрэмжит олимпиадаас математик, физик, нийгмийн ухаан болон байгалийн ухааны  хичээлүүдээр тогтмол олон сайхан амжилтыг үзүүлдэг, оюунлаг сурагчид гэж болно. Бие даан англи хэл, япон хэлийг гүнзгийрүүлэн судалж, Америк , Сингапур улсыг зориод ирсэн сурагчид ч байна.


Сургууль, эцэг эхчүүд хүүхдүүдээ маш их дэмждэг. Тухайлбал, сургуулийн захиргаа, эцэг эхчүүд маань хүүхдүүдээ   “Найрамдал “ Олон улсын хүүхдийн зусланд  амруулсан нь тэдэнд маш их урам өгсөн.  


Манай анги эв нэгдэлтэй, хамтран ажиллах чадвартай, харилцааны соёлтой, сургуульдаа, дүү нартаа үлгэр дуурайлал бахархал нь болдог, багш нарынхаа хайр, хүндэтгэлийг хүлээсэн шавь нь байж чаддаг болохоор ангийн багшийн хувьд хүүхдүүдээрээ бахархаж, бас маш их баярлаж явдаг даа” гэлээ. 

Related news