ЗАВХАН: Татварын давсан орлогыг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-16 17:17:40

Завхан/МОНЦАМЭ/. Түдэвтэй сум энэ оныг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил болгож, улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөр 900 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийжээ.

Тухайлбал, хүүхдийн цэцэрлэгт 10.4 сая төгрөгөөр орчин үеийн тоног төхөөрөмж, ариун цэврийн булан, ширээтэй болжээ. Мөн 22 төрлийн 1.2 сая төгрөгийн өртөгтэй хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх, эрүүл мэндэд хор нөлөөгүй орчин үеийн тоглоомыг нийлүүлжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн зөөлөн эдлэлийг 5.6 сая төгрөгөөр шинэчилжээ. Татварын давсан орлого болох 9,5 сая төгрөгөөр дотуур байрны хүүхдүүдийг шинэ ортой болгосон байна.

Өнөөдөр тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 70 гаруй малчны хүүхэд амьдарч байна. Мөн сургуулийн хөгжмийн кабинетыг 35 сая төгрөгийн өртгөөр шинэ хөгжмийн зэмсгээр баяжуулж, хүүхдүүдийн хөгжмийн хичээл болон хичээлээс гадуурх сонгон суралцах дугуйлангийн хүртээмжийг нэмэгдүүлжээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг 628.3 сая төгрөгийн өртөгтэй орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгожээ.

Эрчим хүчний ачааллыг нэмэгдүүлэх хүртээмжийг сайжруулахаар хуучин 160 квт-ын дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж шинээр 250 квт-ын трансформаторыг суурилуулжээ. Энэхүү ажлыг орон нутгийн төсөв, татварын давсан орлого болох 15 сая төгрөгийн өртгөөр суурилуулжээ. Түүнчлэн тус суманд 200 хүний суудалтай улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй Соёлын төвийн барилга барьж байна. Барилгын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй, барилгын ажлыг "Этүгэн жим" ХХК гүйцэтгэж байна.

Мөн Огторгуйн цагаан гарьд сангийн хөрөнгө оруулалттай 12 айлын орон сууц барьж байна. Манай сум энэ жил сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулагдах 469,8 сая төгрөгийг баталсан. Тодруулбал, орон нутгийн хөгжлийн сангийн 107,7 сая төгрөг, татварын давсан орлого болон төрийн сангийн үлдэгдэл 362,1  сая төгрөгөөр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж байна гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

/Орон нутгийн хөгжлийн сан болон татварын давсан орлогоороо багуудын худгуудыг засварлаж, шинээр гүний худаг нэгийг, мөн худгуудыг ухаалаг, цахим үйлчилгээнд шилжүүлжээ/

/Сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимыг тохижуулж, бүрэн техник хэрэгслээр хангаж, иргэдэд тав тухтай орчинд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, хурал, зөвлөгөөний үйл ажиллагааг нээлттэй явуулах боломжоор хангав/

_/Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн кабинет иж бүрэн хөгжмийн зэмсэгтэй боллоо/

/Цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомын шинэчлэлтийг хийв/

/“Сэцэн хайрхан агро“ ХХК нь өдөрт 150 бог, 15 үхэр нядалж боловсруулах хүчин чадалтай 1,1 тэрбум төгрөгийн өртөгтэй махны үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Ингэснээр малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэв/


/Сумын Эрүүл мэндийн төв нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох хагалгааны гэрэл, хяналтын монитор зэрэг тоног төхөөрөмжүүдээр хангагдав. Ингэснээр сумандаа яаралтай хагалгаа хийх, хүнд өвчтнүүдэд хяналт тавих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойртуулав/

/Татварын давсан орлого болох 3.4 сая төгрөгөөр Ойгон багийн Хүн чулуун хөшөө болон Аргалант багийн нутаг дахь Бандида хувилгаан Чойгдамбын дурсгалын багана, Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт В.Жамсранжав нарын төрсөн газруудад тохижилт засварын ажлуудыг хийж, түүх дурсгалын газруудын хамгаалалтын хайсыг шинэчилжээ/




Related news