ГОВЬ-АЛТАЙ: Энэ оны эхний арван сард 859 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-17 08:01:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 859 эх амаржиж, 862 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 231 тохиолдлоор буурсан байна. 


Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 96.4 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 475 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 150 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 5864 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 

Энэ оны эхний арван сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 794 эмэгтэй хамрагдсан ба 94.3 хувь нь эхний гурван сартайдаа хяналтад орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцлон мэдээлэв.

Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 5.5 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. Арван сарын байдлаар аймгийн хэмжээнд 862 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 233 хүүхдээр буюу 21.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 479 буюу 55.6 хувь нь хүү, 383 буюу 44.4 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас нэмж дуулгав.


Related news