ӨВ СОЁЛ: А.Таяа: Нүдний, ухааны, гарын ур нийлж байж хүн "уран" болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-18 14:23:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Музейн урилгаар соёлын биет бус өв тээгч, өвлөн уламжлагч, ахмад настан А.Таяа Говийн ирээдүй цогцолбор сургуулийн бяцхан сурагчдад “Монгол гутал урлах тухай” сургалт хийж, сонирхолтой түүх ярин, харилцан ярилцлаа.


Сургалтад оролцогч бяцхан хүүхдүүд хэрэв сонирхвол тэндээс бяцхан шавиа олж авч, энэ их өв соёлоо өвлүүлэн үлдээх сонирхолтой байгаагаа илэрхийлснээр тэрээр сургалтаа эхэлсэн юм.


А.Таяа хүүхдүүдэд "Суръя гэвэл сонирхох хэрэгтэй, сонирхол яагаад бий болдог вэ гэхээр өөрийн чадалдаа үндэслэж бий болдог. Хэрвээ нэг иймэрхүү хээг зурчихдаг байвал та нарын нэг авьяас, зурж чадаж байна. Сийлчихмээр байгаад оролдож үзэхэд чадаж байвал бас нэг авьяас.


Ер нь хүний гурван ур байдаг. Нүдний, гарын, ухааны ур. Энэ гурван ур эхнээсээ хүнд зэрэг заяана гэж хэзээ ч байдаггүй. Аль нэг нь заавал дутуу байна. Нэг ур нь байгаа нөхцөлд бусад нь нөгөөгөө дагаад хөгждөг. Хийгээд байхаар яваандаа энэ гурван ур бараг жигд болно. Төгс сурна гэж байдаггүй, гэхдээ хичээхэд заавал чаддаг болдог” гээд нэгэн түүх ярьж өгөв.


А.Таяа: “Манай Дэрэн сумын хонхорт гурван дархан байлаа. Дархан Дандар, дархан Балдан, дархан Даржаа гэж. Энэ гурван хүний нэг нь модоор, нөгөө нь булигараар, гурав дахь нь төмрөөр юм хийдэг. 1937 оны хэлмэгдэл гэж та нар сонсоогүй ч байж мэднэ. Энэ үед Даржаа дархан баригдаад, тэндээ 10 жилийн хорих ял авсан байж. Тэр хүн хоригдож байх хугацаандаа 12 түлхүүртэй монгол цоож хийж, түүнийг нь монголчууд ЗХУ-ын элчинд бэлэглэж л дээ. Гэтэл тэд түлхүүрээр нь нээж чаддаггүй, тэгээд Даржаа гуайгаар дэс дарааллыг нь бичүүлж авч байсан гэдэг.

Тэгээд тэр хүн 10 жилийн ялаас чөлөөлөгдөж байсан юм. Манай сумаас 60 гаруй хүн хэлмэгдэлд өртөж, түүнээс 4 хүн эргэж ирсний нэг нь тэр хүн байсан. Үүнийг дурсдагийн учир нь та бүхэнд уран хүн, юм хийж чаддаг хүн хэцүү үед ч өөрийгөө ингэж аварч чаддаг, амьдралдаа ихийг бүтээж чадна гэдгийг ойлгуулах гэсэн юм” гэлээ.


Сургалтын дараа Амаажавын Таяа гэх уран дархан, урлаач, уртын дууч гээд авьяас төгөлдөр эрхэм энэ хүнтэй ярилцаж, түүний энэ их авьяас, чадвар, ур ухаанаас багийг ч болов уншигч олондоо танилцуулахыг зорилоо.  


-Та сая хүүхдүүдэд “хүнд гурван ур байдаг” гэж ярилаа. Үүнийгээ тодруулбал?

-Тийм ээ, хүнд нүдний, ухааны, гарын гэж гурван ур бий. Хүн нэг юм харчихаад “энийг ч хийж болмоор юм даа” гэж боддог. Энэ бол нүдний ур. Номоос ямар нэг юмыг хараад “үүнийг чинь ингээд хийчихвэл гоё болох нь” гэж бодогддог. Энэ бол ухааны ур. Заримдаа хүний хийснийг хараад “би үүнийг хийчихэж чадах юм байна даа” гэж боддог. Энэ бол гарын ур. Энэ гурван ур нийлж байж хүн “уран” болох эх үүсвэр бий болдог.

Хүн гарын уртай байж болно, гэхдээ ухааны ур дутах юм бол сэтгэлээсээ бүтээл хийж чадахгүй, хүнд юм хийж өгч байгаа юм шиг, нэг тийм хөндий, хүйтэн байх болов уу даа.


-Та хэдэн жил сургалт явуулж байна вэ, их олон шавьтай болсон байх. Өмнө нь тантай уулзаж, ярилцаж байхад монгол гутал, гөлөм, морин хуур, хаалга, тооно гээд олон зүйл хийдэг гэж ярьж байсан.

-Яг хэдэн шавьтай болсноо тоолж байсангүй ээ, олон хүнд мэддэг, чаддагаа өвлүүлчих санаатай хэлж, ярьж, зааж өгдөг юм. Сумандаа байхаас сургалт хийж эхэлсэн. Сонсоод өнгөрөх нэг өөр, суръя гэсэн хүүхэд бас нэг өөр. Монгол гутал хийж суръя гэсэн хүүхэд байвал эцэг эх болон багшаас нь зөвшөөрөл авдаг. Сургалт хичээлийн гадуур явдаг учраас ингэж зөвшөөрөл авдаг байсан. Өөрийн хүүхдүүд маань хийнэ ээ.

Миний хамгийн бага шавь одоо 27 хүрч байна. Шавь нар маань Улаанбаатарт ч байна, энд ч бий, хөдөө ч байна. Зарим нь ширээр, зарим нь модоор, бүр зарим нь чулуугаар ч хөөрөг хийж байна. Хүн өөрийнхөө урыг хөгжүүлбэл юуг ч хийж чаддаг гэдгийг л харуулаад байгаа юм. Миний өөрийн хүүхдүүд бол дандаа энэ чиглэлийн сургууль төгссөн.

Нэг хүү маань (нэр нь Баярмагнай) УБИС-ийн зураг хөдөлмөрийн анги төгсөөд одоо Замын-Үүдэд багшилж байна. Багшлахын хажуугаар байнга л энэ зүйлүүдийг хийж байдаг.

Морин хуур, хаалга, тэгээд ойр зуурын олон л зүйл хийнэ дээ. Миний ач хүү Анхбаяр Дүрслэх урлагийн дээд сургуулийг арьс, ширэн эдлэл урлалаар төгсөөд одоо хувиараа гөлөм, бусад арьсан эдлэл хийдэг.

Арьс ширээр юм хийх энэ ур миний мэдэхээр 5 дахь үедээ уламжлагдаж байна. Манай гэр бүлийн эрчүүд нь арьс ширээр төрөл бүрийн л эд зүйл хийж, харин бүсгүйчүүд нь зүү ороож, оймсны хараа, дайлан урладаг.


-Үнэхээр бахархмаар юм. Монгол гутал хийхэд цаг их цаг зарцуулдаг байх, маш их хөдөлмөр шүү. Таны хийдэг гутал юугаараа онцлог вэ?

-Би нэг гутлыг удаан хийдэг, сард нэгийг л хийнэ. Одоо бол хүүхдүүд оёж, тусалж, хамтарч байна. Хүүхдүүдтэйгээ нийлээд “Магнай” нэртэй хоршоо байгуулсан. Их чимхлүүр болохоор хүмүүс жаахан бэрхшээгээд байх шиг байгаа юм.

Гутал, гөлөм гэдэг бол монголчуудын байнгын хэрэгцээ, үе дамжин хэрэглэгддэг эд шүү дээ. Эцэг нь авахад хүүхдэд нь үлддэг. Монголчууд бид чинь өөрсдөө малынхаа түүхий эдээр хувцас хунараа хийгээд өмсчихдөг, эдлэл, хэрэглэлээ хийчихдэг тийм л ард түмэн. Хүүхдүүд, залуучууд энэ их өв соёлоо сураад үлдвэл өөрт нь, бүр томоор харвал үндэстэн, монголд маань тун хэрэгтэй гэж боддог.

Миний хувьд гутлыг уламжлалаар нь, чанартай хийхийг л хичээдэг. Би өөрөө яаж сурсан, түүнийгээ л хүмүүст хэлж өгөхийг боддог.


-Монгол гутал, гөлмийг үе дамжуулан үр хүүхдэдээ үлдээдэг гэхээр чанартай, бөх бат, удаан эдэлгээтэй байдаг учраас түүнийг урлах ур, технологи нарийн байх. Хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

-Аливаа зүйлийг хийхэд багаж маш чухал байдаг. Би хүүхдүүд, шавь нартаа “эхлээд багажаа өөрөө хийж сур” гэж хэлдэг. Монгол гутал хийхэд 4 төрлийн шивүүр ордог.

Үүнд: угалзны шивүүр, энэ нь тэвнийг бодвол арай нарийн, арай бүдүүн зүүгээр хийдэг. Хоёр зэрэгцээ зүү доголон байдгийн учир нь нэгээр нь цоолох, арай богиноор нь тэмдэг тавих зориулалттай. Ингэж байж ил оёдол жигд болдог юм.  

Монгол гутлын оймсны харааг 3 хуваадаг. Халааны тэндэх залгааг хос шивүүрээр хос шивээд оёдог. Дараа нь их биений шивүүр гэж бий. Үүгээр урд талыг нь оёно, дунд талыг оёно, ар талыг оёно.

Мөн улны шивүүр гэж байна. Эхлээд энэ (жижиг) шивүүрээрээ урдаас нь 8 алхам явна. Ардаас нь улны голд ганцхан том шивүүрээр шивдэг. Дараа нь жижиг шивүүрээр 4, 5 алхам яваад хооронд нь том шивүүрээр явна. Ер нь өсгий, өлмий хоёроосоо гутал илдэг. Дундаа арай гайгүй. Монгол гутал хоёр уллагаатай. Дунд талын улыг хүүхэн ул гэдэг. Хүүхэн улыг тойруулаад  цагаан даавуугаар наана. Урд талдаа 6-7, ар талдаа 8-12 давхарлана.  

Тэгээд гадна талын улаа дотроос нь хагалдаг. Энэ нь оёдлоо далд оруулж байгаа хэрэг. Оёдол ил байвал амархан элэгдэнэ, ингэхээр элэгдүүлэхгүйн тулд завсраар нь хагалж байж, чанартай болгохын тулд оёдлоо ингэж шигтгэдэг. Уллагааг ингэж хоёр давхар хийнэ. Одооны зарим гутал яагаад дороо муухай болчихоод байдаг вэ гэхээр хүүхэн улны оёдол байхгүй болохоор л тэгдэг юм шүү дээ. Өөрөөр хэлбэл дотогш нь татаж оёогүй. Ингэж хийсэн гутал андашгүй, тийм учраас чанар маш чухал.

За тэгээд хүн өөртөө зовлон багатайгаар хуруунуудаа хамгаалж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Тэгэхийн тулд хуруунууддаа арьсаар хуруувч хийх хэрэгтэй. Гутлын оёдол гэдэг бол зүгээр оёод орхидог ажил биш, маш сайн чангалж өгдөг учраас гараа хамгаалах нь чухал байдаг. Та нар мэднэ дээ, орчин үед хөдөлмөрийн аюулгүй байдал гээд их ярьж байгаа. Хэдийгээр гутал оёх нь аминд хал багатай ч гэсэн гар хуруугаа хамгаалахгүй бол дороо л улайгаад, шархлаад өвчин ороод болдоггүй юм.

Тэгээд багажаа мөн хамгаалах хэрэгтэй. Багаж гэхээр шивүүрээ хэлж байна. Хэрэв хатуу юман дээр тавиад шивээд байвал нөгөө шивүүрний чинь үзүүр дороо л элэгдчихнэ. Тиймээс оёж байгаа арьсныхаа доод талд резин ч юм уу зөөлөн юм тавиад шивэх юм бол элэгдэхгүй.


-Таны хийсэн гутал ихэвчлэн гоёлын гутал байдаг. Хэдэн угалзтай гутал хийж байна вэ?  

-Миний хийдэг гутлууд 12 сарьстай. Ихэвчлэн 12 угалзтай, 32 угалзтай гутал хийдэг. Гоёлын гутлууд л даа. Аливаа зүйлийг сэтгэлээ шингээж хийдэг байх хэрэгтэй. Зөвхөн мөнгө гэж харж хийж болохгүй. Өнөөдөр хийсэн болоод мөнгө авлаа ч гэсэн дараа нь тэр нь чанаргүй, муу хийсэн нь мэдэгдвэл муухай хэрэг шүү. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Эргээд хүмүүс чам дээр ирж юм хийлгэхээ болино. Тиймээс чанартай, сэтгэлээсээ хийх нь чухал байдаг юм.

Угалзыг хийхдээ эхлээд модон дээр эсвэл цаасан дээр зурчих, дараа нь яг голоор нь шивчих. Тэгээд модон дээрээ нарийн үзүүртэй хутгаар сийлээд хээлэх сийлбэрээ бэлэн болгоно. Дараа нь сайр (арьс)-аа чиглэж модон дээрээ тавиад хонхорхойд нь сатурк эсвэл зэс утас хийж, дээрээс нь хавтгай мод тавиад хатаачихдаг. Ингэж угалзны товгорыг гаргадаг. Тэр угалзтай сарьсаа гөлөм юм уу, гутлыхаа арьсан дээр тавьж наагаад оёдог.

Хамгийн гол анхаарах зүйл бол хэмжээгээ сайн авч, өөгүй, маш цэвэрхэн, чанартай хийдэг л байх хэрэгтэй гэж боддог шүү.


-Та бас морин хуур хийдэг, өөр модоор, төмрөөр ч урладаг. Анх морин хуурыг үеэл ахаасаа сурсан гэж дурссан байдаг.

-Морин хуур хийнэ ээ, бас оролдоно. Морин хуурыг 70-80 онд эхэлж хийсэн. Миний үеэл болох Дадьсүрэн бол Дэрэн сумын хүн. Монгол Улсын гавьяат. Тэр хүн, Чойдорж хоёр суманд морин хуур хийдэг байлаа.

Тэгээд тэд нарыг дуурайгаад морин хуур хийж эхэлсэн юм. Тэр үед мастер маягийн морин хуур хийдэг байлаа л даа, модон цартай. Морин хуур янз янз байдаг, модон цартай, ширэн цартай гээд.

Хоёр жилийн өмнөөс хүмүүс ширэн цартай хуур хийгээд эхэлсэн. Тэгээд театрын нэг хүнээс ямааны татаас аваад тэрүүгээрээ царлаад ширэн цартай морин хуур хийсэн. Ер нь модон цартай морин хуур 10-дыг, ширэн цартайг 3,4-ийг хийсэн.

Мастер хуур бол их сайхан хүнгэнэсэн дуу гаргадаг. Ер нь Монголын урлаг, соёл, дуу хуур, ажил бүхэн мал аж ахуйтайгаа холбогддог. Бүх материал нь малын түүхий эд байдаг юм. Цар нь ямааны шир, цагаан адууны сүүл гээд л мал аж ахуйгаасаа хөгжим урлачихаж байгаа нь миний мундгийх биш, ард түмний маань ухааных. Тэгээд энэ нь өвлөгдөж, уламжлагдаж байх ёстой.


-Монголын энэ их өв соёлыг 5 үе дамжуулан өвлүүлж, бас сонирхсон хүмүүст зааж сургаж яваа нь үнэхээр бахадмаар сайхан байна. Та арьс, ширээр монгол гутал, гөлөм хийхийг нагац ахаасаа сурсан гэж ярьж байсан. Өвөөгийнхөө тухай ч сайхан дурсамж ярьдаг даа. Энэ тухай хуучлаач?

-Би энэ жил 80 хүрсэн. Бид багаасаа эхээсээ өнчирсөн юм. Эхээс зургуулаа. Тэгээд манай нэг нагац эгч бид нарыг өсгөж, хүн болгоод, ер нь багаасаа бие даах маягтай болсон дог. Нэг нагац ах маань айлын хүргэн болж, би гэдэг хүн бараг л өрхийн тэргүүн болсон. 1959 онд манайх нэгдэлд ороход би өрхийн тэргүүн байлаа.

1955 онд бага сургуулийн 4-р анги төгссөн, сурлагаар ч гайгүй байсан. Өвөг эцэг маань тэр үед намайг Баянцагаан руу авч яваад тэнд сургуульд сургах гэсэн болоогүй. Тэгээд малчин болсон юм.

1961 онд манай сумаас гүү болон бог малын сааль саалгах гэж хэдэн өрхийг аймаг руу явуулсан. Тэнд манайх ороод, энэ Арвижихын голд ирж бууж, сааль саан, намар болголоо. Тэгтэл нэг нагац ах маань намайг “чи ер нь малчин байж бүтэхгүй, трактор комбайны сургуульд яв” гэж байна. Тэгээд би Угтаалын САА-г анх байгуулагдахад нь 1961 онд очиж, трактор барьж, тэндээ 15 жил ажилласан. Манай аймгаас 18 хүн анх илгээлтээр явж, одоо хоёр л хүн үлдээд байна даа.

Манай САА-н дарга Хөдөлмөрийн баатар Батчулуун гэж хүн байсан. Тэр дарга маань намайг их харж, анхаардаг байж. 1972 онд Намын дээд сургуульд оруулсан. Оройгоор 10 төгсөж, эчнээгээр дээд сургуулиа дүүргэж байлаа.

1976 онд нутагтаа ирж, Намын дарга, Хурлын дарга хийж, 26 жил сумандаа ажилласан. Тэр хооронд арьс, шир, модоор хийх юмаа хийгээд л байсан. Амьдрал ахуйд ч хэрэгтэй юм, сурсан, дуртай юм болохоор яахав дээ.   

Миний нагац ах Гочоо гэдэг хүн бас гөлөм, гутал хийдэг, хонхортоо нэлээн “уран” нэртэй хүн байж. Тэр хүн бид нарыг бага байхад угалз оёулдаг байлаа. Энэ л миний урыг нээсэн юм болов уу даа.

Намайг сургуульд суухаас өмнө юм даа, нэг их сүрхий зуд болж, манайхан зүүн тийшээ нүүгээд би 4 хөгшинтэй хамт нутагтаа үлдэж, гал хөсийг нь түлж, хоолыг хийж, тусалдаг байсан юм.

Тэр үед өвөг эцэг маань надад 4 зүйл зааж өгнө гээд сургаж байлаа. Нэгдүгээрт, чамд Жанлав цогзол гэдэг номыг хэдэн шад номтой хамт зааж өгнө, хоёрдугаарт төвөд цагаан толгой зааж өгнө гээд, (30 үсэгтэй байдаг юм билээ), тэгээд шатрын тал хөлгийн 32 нүүдэл дээр 64 дүрсийг нь өрж байгаад аль нэгэн газраас нь морины нүүдлээр яваад бүгдийг нь иддэг энэ аргыг зааж өгнө гэсэн. Хүүхэд юм болохоор дороо сурчихдаг юм билээ. Тэгээд сургуульд ороход төвөд цагаан толгой мэддэг болчихсон, 100-гийн дотор нэмж, хасдаг болчихсон, их мундаг сурагч 6 талтай будгийн харандаагаар хэд хэд шагнуулж байлаа. Энэ л сэтгэлд их сайхан дурсамж болж үлдэж дээ.


-Монгол өв соёлоо хадгалж, хамгаалж, өвлүүлж явахад юуг анхаарах вэ, хүүхэд залуучууддаа хандаж юу гэж захих вэ?

- Монголын урлаг, соёл, дуу хуур, ажил бүхэн мал аж ахуйтайгаа холбогддог гэж дээр хэлсэн дээ. Бид хүнээс өмсөх хувцас, идэх хоол гуйхааргүй, ухаантай, аж ахуйч, хөдөлмөрч ард түмэн шүү дээ.

Залуучууд минь юмыг бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салах цаг нь болсон. Монгол өв соёлоо таньж мэд, ухаарч суралц, цаашид үр хүүхдэдээ өвлүүлж үлдээ. Энэ л биднийг үеийн үед монголоор минь байлгаж, үеийн үед бусдаас хамгаалж авч явах болно. Бүх зүйлд сэтгэлтэй бай, зөвийг бодож бай гэж л хэлье дээ.

-Ярилцсанд баярлалаа. Урт удаан наслаарай!

Related news