ӨМНӨГОВЬ: Уран үгсийн чуулган 44 жилийн дараа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-20 11:57:21


Өмнөговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвал ахайтны тулгын чулууг нь тавьсан МЗЭ-ийн Өмнөговь салбараас санаачлан Соёл урлагийн газартай хамтран аймгийн Засаг даргын ивээл дор “Уран үгсийн чуулган-2022” зохиолч, яруу найрагчдын өдөрлөгийг Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ойн  өдрийг тохиолдуулан  зохион явууллаа.


Уран үгсийн чуулган тэртээ 1968 онд анх С.Удвал ахайтан санаачлан зохион байгуулж байснаас хойш 1978 онд хоёр дахь удаагаа зохиож байжээ. Ийнхүү 40 гаруй жил тасраад байсан утга уянга, уран үгсийн эзэд хуран чуулдаг “Уран үгсийн чуулган-2022”  гурав дахь удаагаа Даланзадгад хотноо болж байна.


Зохиолч, яруу найрагчдын өдөрлөгт Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Л.Дашням, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Төрбат, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Э.Хархүү, Гурвантэс сумын харьяат Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Энхболд, Баяндалай сумын харьяат Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Байгалсайхан, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, нэрт шог зохиолч З.Ядмаа Ханбогд сумын харьяат Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Х.Сүглэгмаа, Болор цомын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва,  МЗЭ-ийн гишүүн, “Утга зохиолын шагналт”, “Хутагтын хишигт яруу найрагч Б.Бүргэд, Баян-Овоо сумын харьяат яруу найрагч, цаасан бар урлаач Ц.Галбадрах нарын нэрт яруу найрагч, зохиолчид уригдан ирж оролцлоо.

 

Уншигч зохиолчдын уулзалтыг Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиуд, төв номын сан зэрэг байгууллага зохион явуулсан юм. Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Л.Дашням, МЗЭ-ийн гишүүн, “Утга зохиолын шагналт”, “Хутагтын хишигт яруу найрагч Б.Бүргэд нар  Өмнөговь аймгийн төв номын сангийн мэргэжилтнүүд, уншигч хүүхдүүд, иргэдтэй уулзалт хийлээ. Зохиолчид уран бүтээлийнхээ талаар халуун дотно яриа өрнүүлж, шүлэг бүтээлээ уншиж номын дээжээсээ өргөн барилаа.

 

Өмнөговь аймгийн Засаг дарга зохиолчдыг хүлээн авч уулзаж ард иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд эрхэм зохиолч, яруу найрагч, үгийн шидтэн та бүхний оролцоо чухал үүрэгтэй юм. Өнөөдөр говь нутаг минь эдийн засгийн хүсэл сонирхолтой зочид төлөөлөгчид их ирдэг болохоос та бүхэн шиг оюуны их хөрөнгө оруулалт хийхээр ирж байгаа хүндтэй эрхэм зочид их ховор. Үг гэдэг их хүчтэй, ирэх жилүүдэд говь нутагт минь олон сайхан амжилтууд гарч, Болор цомын эзэн энэ нутгаас минь төрөн гарна гэдэгт итгэлтэй байна гээд  зохиолчдод хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардууллаа.

 

Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохиолч, яруу найрагчид зочлон очиж  шүлэг, утга зохиолыг шимтэн сонирхож ирсэн олон түмэнд шүлэг найргаа уншиж, найргийн уянга эгшигтэй нэгэн үдшийг өнгөрүүллээ. Чуулганы үйл ажиллагааг хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд “Манай говиор зочлон очоорой” дууг морин хуурын эгшгээр уянгалуулан эхлүүлж  хурсан олныг баясгав.


"Уран үгсийн чуулга-2022" үдэшлэгт Монголын энэ цагийн нэрт зохиолч, яруу найрагчдаас гадна Өмнөговь аймгийн шилдэг шүлэг шалгаруулах “Эгшиглэнт говь-2022” наадмын эхний шагналт 5 байр эзэлсэн яруу найрагчид болох  МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч Т.Батхүрэл тэргүүтэй шилдэг найрагчид шүлэг бүтээлээ уншлаа.


Чуулганы үеэр "Манай говиор зочлон очоорой", "Ихэр гурван сайхан" зэрэг говь нутгийн ард түмний сэтгэлд хоногшсон дууны шүлгүүдийг тэрлэсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, нэрт шог зохиолч  З.Ядмааг Өмнөговь аймгийн ИТХ-ын "Хүндэт тэмдэг"-ээр шагнаж урамшуулсан бөгөөд Өмнийн цэнхэр говь нутгийг зорин ирж, нутгийн зон олныг уран яруу, утга төгөлдөр бүтээлээрээ дайлсан зохиолч, яруу найрагчид тус бүрд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас 1 сая төгрөгийн батламж гардуулж, талархал илэрхийллээ.  

 

 

Related news