ДУНДГОВЬ: Цахим гарын үсэг олголт 32,7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-21 15:25:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ний байдлаар цахим гарын үсэг олголт Дундговь аймагт 32,7 хувьтай байна.

Цахим гарын үсгийн тухай хууль эцэслэн батлагдаж, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн чип болон ухаалаг гар утасны аппликейшнээр дамжуулан харьяалал харгалзалгүйгээр олгож байна.

Тус аймгийн хэмжээнд 16-гаас дээш насны 32044 иргэн байгаа бүртгэлтэйгээс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээлснээр 10476 иргэнд тоон гарын үсэг олгосон байна.

Тоон гарын үсэг олголтын байдал аймгийн 15 суманд өөр өөр байгаа бөгөөд хамгийн олон хүн амтай Сайнцагаан суманд 24,3 хувь (10257 иргэнээс), Эрдэнэдалай суманд 55,3 хувь (4007 хүнээс) байгаа бол цөөн хүн амтай Дэлгэрцогт суманд 67,4 хувь (1167 хүнээс), Луус суманд 11,0 хувь (1349 хүнээс)-тай байгаа юм.

Тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатайгаар үнэгүй олгох бөгөөд иргэд иргэний цахим үнэмлэх болон гар утасны аппликейшн дээрээ тоон гарын үсгийг тээгч байдлаар хэрэглэх боломжтой.

Энэ нь цахим орчинд зөвхөн тухайн иргэнийг таних боломж олгодог төдийгүй гадаад улсад амьдарч буй Монгол Улсын иргэд ч цахимаар төрийн үйлчилгээг авах боломжтой болох аж.

Тоон гарын үсгээ авахын тулд иргэд Улсын бүртгэлийн хэлтэс, тасаг, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт харьяалал харгалзалгүй хандаж, хүсэлт гаргах ба биечлэн ирэхдээ Иргэний үнэмлэхээ биедээ авч ирэх шаардлагатай.

Түүнчлэн иргэд тоон гарын үсэг авах хүсэлтээ Улсын бүртгэлийн байгууллагын киоск машинд хандан цахим хэлбэрээр гаргаж болох бөгөөд энэхүү киоск машин Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор аймаг, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг болон И-Монголиа цахим төв, УБЕГ-ын төв байранд байрлаж байгаа юм. 

Related news