ЗАВХАН: Хамтарсан баг мэргэжлийн түвшинд ажилласнаар эерэг нөлөөллийг бий болгодог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 24 сумын хамтарсан багийн гишүүд
ирэх жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Улиастайд 24 сумын 30 хамтарсан багийн 150 гаруй гишүүнийг чадавхжуулах сургалт боллоо. Сургалтад 24 сумын хамтарсан багийн ахлагч, нарийн бичиг, нийгмийн ажилтан, өрхийн эмч, цагдаагийн алба хаагч, хүүхдийн элч нар оролцож байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал оролцож, “Завхан аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулах, төслийн шатанд хэлэлцэх цаг үетэй давхцан чадавхжуулах сургалтыг хийж байгаа нь онцлог байна. Орон нутагт, бодит кейс түүхүүд дээр, хүүхдүүдийн төлөө гар бие оролцож ажиллаж байгаа та бүхний санал санаачилгыг хамгийн түрүүнд хүлээж авна. Учир нь манай аймаг нэгдүгээрт хүүхэд гэсэн уриатай бодлогоо чиглүүлэн ажиллаж байгаа.
Тиймээс аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр тодорхой зорилт, арга хэмжээг тусган хэрэгжүүлэн ажиллах болно” гэж хэлэв.
Тиймээс энэхүү сургалтад оролцож байгаа хамтарсан багийн гишүүд сургалтын төгсгөлд, ирэх жилийн төлөвлөгөө, сайжруулах ёстой ажлуудынхаа талаарх саналыг ярилцаж төлөвлөх аж. Энэ удаагийн сургалтын сургагч багшаар Хүүхэд хамгааллын зөвлөх, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө “Галт шувуу холбоо” төрийн бус байгууллагын захирал Э.Дуламсүрэн ирж ажиллаж байна.
Хамтарсан
багийн гишүүдийг жил бүр чадавхжуулах сургалтад хамруулах нь үр дүнтэй байдаг.
Учир нь хамтарсан багуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх.
Мөн сургалтаар хамтарсан багийн гишүүд бодит кейс дээр ажиллаж, менежмент хийх
үе шат, кейс файлаа хэрхэн бүрдүүлэх. Гишүүн бүр ур чадвараа сайжруулж,
мэргэжлийн хүмүүсээс арга зүйн зөвлөгөөг авч хамтран ажилладаг нь үр дүнтэй
байдаг.
Хамтарсан баг гэдэг нь гэр бүлийн хүчирхийлэл болон аливаа хэлбэрийн хүчирхийллийг үл тэвчих, урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээг цогцоор нь үзүүлэх. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох. Хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжилтнүүдийн баг юм.
Тиймээс орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн багийг өөр хоорондоо хэрхэн хамтран ажиллах ур чадвар арга зүйд сургах нь зайлшгүй хэрэгцээ байдаг. Ингэж чадавхжиж сурч, хамтын ажиллагаагаа бүх талаар сайжруулсан мэргэжлийн багууд жинхэнэ зорилтот хүмүүст хүрч ажиллаж чаддаг.
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн тоо ч багасах сайн талтай. Завхан аймгийн хэмжээнд 30 гаруй хамтарсан баг ажиллаж байгаа. Эдгээрээс үйл ажиллагаа нь доголдсон, нэг их үр дүнд хүрэхгүй байгаа багууд ч бий. Гэхдээ тодорхой давтамжтай хамтарсан багуудыг чадавхжуулах нь үйл ажиллагаа нь сул яваад байгаа хамтарсан багуудын тоог багасгаж чадна гэж үзэж байна хэмээн Завхан аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.