ДУНДГОВЬ: Э.Мөнхжаргал: Тулгуур эрхтний, хүнд хэлбэрийн саажилттай хүүхдүүд боловсролын үйлчилгээг авч чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-02 10:04:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах боломж, орчин нөхцөл, түүнийг сайжруулах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн зохицуулагч Э.Мөнхжаргалтай ярилцлаа.


-НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон нийгэмд нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний сурч хөгжих боломж ямар байгаа талаар танаас тодруулах гэсэн юм.

-Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Энэ өдрийг ХБИ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолойг сонсох, нөлөөлөх өдөр гэж ойлгодог.

Дундговь аймгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй 190 гаруй хүүхэд байдаг. Энэ хүүхдүүдээс арай хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд бол боловсролын үйлчилгээнд хамрагдаад явж байна. Харин тулгуур эрхтний, хүнд хэлбэрийн саажилттай хүүхдүүд энэ үйлчилгээг авч чадахгүй нөхцөл байдал байгаа.

Боловсролын үйлчилгээнд яагаад тэгш хамрагдаж чадахгүй байна вэ гэхээр нэгдүгээрт хүртээмжийн асуудал байна. Ер нь тэргэнцэртэй хүүхэд гэрээс гараад л зам талбай, орц, гарц, тэгээд л хамгийн том бэрхшээл нь ариун цэврийн өрөө  гээд маш олон бэрхшээлтэй тулгардаг.

Гэтэл цаг зав гаргаад сургууль, цэцэрлэг рүү нь тогтмол хүргэж өгөх, авах эцэг эх, асран хамгаалагчид тийм ч олонгүй. Тэдний хандлага энэ байдлаас төвөгшөөх шинжтэй. Энэ бол дараагийн шалтгаан болж байна.  

Гурав дахь шалтгаан бол боловсролын байгууллагын удирдлагаас эхлээд багш нар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа, харилцаж байгаа бүхий л хүмүүсийн хандлага байна. Тэгэхээр энэ 3 том зүйл нөлөөлж байгаа гэж ойлгож болно.


-Танай төслийн хувьд энэ чиглэлээр ажилладаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд ямар нөлөөллийн ажлуудыг зохиион байгуулж байна вэ?

-Манай төслийн нэг гол үйл ажиллагаа нь боловсролын үйлчилгээний гадна байгаа хөгжлийн бэрхшээлтэй тэдгээр хүүхдүүдийг олж илрүүлээд эцэг эх, асран хамгаалагчид нь нөлөөлөл хийж, тэднийг аль болох боловсролын үйлчилгээнд хамруулах тал дээр анхаарч байна. Зарим эцэг эхийн хувьд тийм хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт явуулах цаг завгүй байдаг юм уу эсвэл хүмүүсийн дунд оруулахаас эмээдэг юм уу, гэрээс гаргахгүй байх тохиолдол байна. Тиймээс тэднийг илрүүлэх нь чухал байгаа юм.

Мөн сургууль, цэцэрлэгүүдэд байгаа Дэмжлэгийн багийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд сурахад нь мэдээж багш нар хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ, тэгэхээр тэднийг чадавхжуулж, арга зүйгээр хангаж ажиллах ёстой хүмүүс бол энэ Дэмжлэгийн баг байгаа юм.  

Манай төсөл 2024 оны 1 дүгээр сар хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд 16 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулахад нөлөөлж, үр дүнд хүрсэн байх ёстой.

Сайнцагаан сумын 8 цэцэрлэг, 3 сургуулийн Дэмжлэгийн багт арга зүйн зөвлөгөө өгөх, Говийн ирээдүй цогцолбор сургууль болон 3 дугаар цэцэрлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тохижилтын ажил хийж, брайль үсгийн 2, дохионы хэлний 2 багшийг бэлтгэж байгаа

Мөн Бичил төслийн уралдаанд шалгарсан ТББ-ын ажил эхэлж байна. "Энэрэлийн түүчээ" ТББ-ын туршлагыг аймгийнхаа сургууль, цэцэрлэгүүдэд түгээх, танилцуулах ажлуудыг хийж байна. Энэ ТББ бол “Хүслийн ордон” гэсэн цэцэрлэгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулдаг туршлагатай ийм цэцэрлэг байгаа юм.

Одоо сонгож авсан хүүхдүүдтэй ажиллаж буй багш нарыг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нарийвчилсан арга зүй олгох, хандлагыг өөрчлөх зэрэг дэс дараатай ажлуудыг гүйцэтгээд явж байна.


-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд хамруулахад эрх зүйн орчин хэр зэрэг бүрдсэн байдаг вэ, хэрэгжилт нь ямар байна?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн үйлчилгээний гадна байж болохгүй шүү дээ. Манай улсад тэднийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах яиглэлээр эрх зүйн орчин харьцангуй таатай болж байна. Гэхдээ энэ хууль, журмуудын хэрэгжилт орон нутагт хэрэгжих, хөрсөн дээр бууж, үр шимийг хүртэх ёстой хүүхдүүдэдээ хэр зэрэг хүрч, сургууль цэцэрлэг дээр хэрхэн яаж хэрэгжиж байгааг эргэж харах хэрэгтэй санагддаг.

Тэгш хамруулах боловсролыг дэмжих чиглэлээр 10 гаруй тушаал шийдвэр гарсан байдаг. БШУ-ны сайд, НХХ-ын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогц дэмжлэг үзүүлэх тухай” тушаал байна. Ер нь хэрэгжүүлж чадвал эрх зүйн орчин бүрдэж байна.

Мэдээж хүүхэд бүрийн бэрхшээл өөр, сэтгэхүй өөр, хүсэл сонирхол, чадвар өөр. Тиймээс хүүхэд нэг бүр дээр сургалтын ганцаарчилсан төлөвлөгөө гэж байх ёстой. Энэ төлөвлөгөөг гаргуулах тал дээр бид бас нөлөөлж ажилладаг.


-Энэ төсөл ямар байгууллагын дэмжлэгээр хаана хаана хэрэгжиж байна вэ?

-Азийн Хөгжлийн Банк (АХБ)-аас Ядуурлыг Бууруулах Японы Сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төсөл нь 2021 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийн хувьд боловсролын хамрагдалт болон чанарыг сайжруулахад нь Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилготой төсөл юм.

Төсөл Дархан-Уул, Дорнод, Дундговь аймаг болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байгаа ба манай аймгийн хувьд Говийн Ирээдүй цогцолбор сургууль болон Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийг зорилтот болгон сонгон авсан.

“Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төсөл нь 1) eрдийн цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн хүртээмжтэй байдлыг сайжруулах, 2) тэгш хамруулах боловсролын үйлчилгээг хүргэх чадавхыг бэхжүүлэх, 3) нөөц боломж, олон нийтийн оролцоо болон бодлогыг сайжруулах гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй.


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Төр, ТББ, иргэд, асран хамгаалагчид, багш нарт хандаж юу хэлмээр байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудал бол дээр хэлсэнчлэн орчны хүртээмж, хүмүүсийн хандлага хоёр л байдаг. Хэрэв энэ хоёр саад байхгүй бол тэд жирийн л иргэн хүний адил нийгмээс авах ёстой үйлчилгээгээ авах, гадуурхагдахгүйгээр өөрөө өөртөө итгэлтэйгээр амьдарч чадна гэж боддог.

Мэдээж өөр дэмжлэг байх л даа. Гэхдээ нийтээрээ энэ хоёр зүйл дээр анхаарч, тэдэнд тэгш боломж олгодог байх нь чухал үүний төлөө хичээгээрэй л гэж хэлмээр байна. Энэ бол тэд нарт хүргэж байгаа том тус юм даа. 

Related news