БУЛГАН: Соёлын салбарт 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-12-13 08:57:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ онд соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ.

            Аймгийн музей, номын сан, 16 сумын соёлын төвүүдэд 291.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар есөн төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж, соёлын төвүүдийн техник тоног төхөөрөмжийн хангалт 75.0 хувьд хүрснээр иргэд олон нийтэд соёлын үйлчилгээг чанартай, саадгүй хүргэх нөхцөл боломж бүрдэж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга М.Батчимэг хэллээ.

Монгол өв соёлыг хойч үедээ өвлүүлэх, орчин үеийн соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Булган хангай” хүүхдийн урлагийн их наадам, аймгийн Хөгжимт жүжгийн театр, Орхон аймгийн “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгатай хамтран "Монголоо дуулья" концерт, "Урлан бүжихүй" бүжгийн бүрэн хэмжээний хамтарсан тоглолт зэрэг ажил зохион байгуулжээ. Улсын төсвийн 13.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг, сумын номын сангийн баяжилтыг хийж, хүүхдийн номын сан хөмрөг бүрдүүлэлтийн явц 77,8 хувьд хүрсэн байна. Мөн айраг, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх “Айраг наадам 2022” үйл ажиллагааны хүрээнд зургаан төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж, 300 гаруй урлаг, соёлын ажилтнууд 16,0 мянга гаруй иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлжээ.

Related news