Нутгийн иргэдийн байгаль хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-12-19 07:01:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбарын хайгуул, ашиглалт эрчимжиж буй энэ цаг үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг зэрэгцүүлэн хийх, байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх хэрэгтэй байна.


Тухайлбал, Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч Баянхонгор аймгийн Жаргалант, Заг, Баацагаан, Бууцагаан, Бөмбөгөр сумын нутгаар дамжин, хүн малыг ундаалан, говийг тэтгэдэг Бөөнцагаан нууранд цутгадаг "Байдрагийн гол"-ын салаанууд ширгэж, орчны хөрс хатуурч, өвс ургамлын гарц муудан, ургамлын нэр төрөл нь цөөрч, ховор ургамал ургахгүй болжээ. Үүнд уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаа, орон нутгийн шат шатны удирдлага, мэргэжлийн байгууллагын байгаль орчныг хамгаалахад хойрго хандаж байгаа нь ч нөлөөтэйг экологич Д.Туяа хэлж байна. 


Тэрбээр ярихдаа, “Усгүй бол хүн, мал, ургамал, амьтан оршин тогтнох боломжгүй. Уул уурхайнхан уулын ам бүрд хөрсийг нь эргүүлж, нөхөн сэргээлт хийхгүй орхисон байна. Хөрс, усаа хамгаалж, экологийн тэнцвэрт байдлаа хадгалахгүй бол 20 жилийн дараа усгүй болох аюул нүүрлэж мэднэ. Орон нутгийн иргэд Байдрагийн голын эхэнд үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудыг 2011 оноос эсэргүүцэж эхэлсэн. Уул уурхайн компаниуд тусгай зөвшөөрлөө дамжуулан худалдаж, олборлолт явуулсны дараа бичил уурхайчид нөхөн сэргээх нэрийдлээр ухаж төнхөж орхидог. Орон нутгийн иргэд, малчид хууль хяналтын байгууллагад хандаад тусыг олоогүй учир мэргэжлийн экологич ажиллуулахаар надад санал тавьсан. Мэргэжлийн яам, агентлаг нь материалын бүрдүүлбэр хангагдаагүй байхад “Жи Энд Юу Гоулд” ХХК-ийн охин компани “Оргил маунт” ХХК-д давуу байдал олгосноор энэ оны 8 дугаар сард тус компани нь ашиглалтын талбайдаа нарийвчилсан хайгуул хийж байсан. Хэрэв нөөцөө бүрэн тогтоож, тайлангаа мэргэжлийн яамаар батлуулбал, 5 жил үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх учир бид тэмцээд ч дийлэхгүй болох байв. Иймд хугацаа алдалгүй зогсоохын тулд "Соёлын өвийн тухай хууль"-ийг үндэслэн, албадан нүүлгэсэн. Хэвлэлийн хурал хийх, компанийг нүүлгэх зэрэгт багагүй зардал гарсан ч үнэт эдлэлээ барьцаанд тавьж, мөнгө зээллээд зохицуулсан. Байгаль орчин, гол усаа хамгаалахад нутгийн иргэдтэй хамтраад хичээвэл үр дүнд хүрдэг. Харин шат шатны цагдаа, прокурор, шүүх байгууллагын зарим албан тушаалтан уул уурхайн компанид үйлчилж, тэмцэгч иргэдэд дарамт шахалт үзүүлж, үндэслэлгүй ял тулган, барьж хорьдог. Энэ байдал нь байгалиа хамгаалахад саад учруулдаг. Тэд хуулийг тэгш хангаж, үндсэн үүрэгт ажлаа л хийх ёстой. Гэмт хэрэг зөрчлийг багасгах, байгаль орчныг хамгаалахын тулд цагдаа, хууль хяналтын байгууллагууд яллахаа урьтал болгохоос илүүтэй соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх ёстой. Гэтэл уул уурхайн компанитай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгох, нуун дарагдуулах, хугацаа хожих зэрэг тухайн компаниудад олборлох боломж олгосоор байгаа нь үнэхээр харамсалтай. Жишээ нь, Өмнөговь, Баянхонгор аймагт гэхэд айл бүрд металл илрүүлэгчтэй уурхайчин, эсвэл гар аргаар алт олборлогч “нинжа” байгаа тул ашиг сонирхлоороо нэгдчихдэг. Уул уурхайн компаниуд иргэдэд мөнгө тараан, бэлэг сэлтээр хуурч гарын үсгийг нь зуруулдаг буруу жишиг тогтсон байгаа. Үүнээс үүдэн нутгийн иргэд байгаль орчныг хамгаалахад оролцдоггүй учир байгаль хамгаалахад нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх шаардлагатай байна” гэв. 


Түүнчлэн, манай улс эрсдэлийн сантай болж, байгаль орчин, ус, хөрсөө нөхөн сэргээхэд анхаарах цаг болсон. Иргэд өөрсдөө зардал гарган байгалиа хамгаалаад, буруутай талаас иргэний хэргийн Шүүхээр дамжуулан, бүх зардлаа буцаан авах боломжтойг Д.Туяа онцлоод, “Орон нутгийн удирдлагууд сумын төсөвтөө байгаль хамгаалах хөрөнгө хуваарилж, нөхөн сэргээмээр байна. БОАЖЯ, бусад газрууд нь орон нутгаас ирсэн албан тоотыг үндэслэн зөвшөөрөл олгодог. Гэтэл тэнд нь багийн хурал хийж, санал авахгүйгээр, хуурамчаар тогтоол гаргадаг"-ийг ч шүүмжилсэн юм.

Related news