ОРХОН: Ирэх онд “Смарт Эрдэнэт” цахим системийг хэрэглээнд нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-22 11:03:04
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн явцын тайланг хэлэлцлээ.

“Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг 2021 оны долоодугаар сарын 2-ны  өдрийн  ИТХ-ын  20 дугаар тогтоолоор баталсан. Уг хөтөлбөрийг тогтвортой хот ба олон нийтийн хамтын ажиллагаа, ухаалаг хотын үзүүлэлтүүд болох ISO37122:2019 стандартын шаардлагууд, үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулсан байна.

Хөтөлбөрийн зорилго нь Орхон аймгийн иргэдэд чанартай хүртээмжтэй, хялбар цахим үйлчилгээг хүргэх, байгаль орчинд ээлтэй ухаалаг хот болоход чиглэжээ.

“Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд:

•    Мэдээллийн технологийн хөгжингүй хот болох

•    Замын хөдөлгөөний аюулгүй байдал,  Байгаль орчинд ээлтэй хот болох

•    Эрчим хүчний хэмнэлт, ухаалаг хяналттай хот болох

•    Хог хаягдлын дэвшилтэт менежменттэй хот болох

•    Бизнесийн хөгжийн таатай орчин бүрдүүлэх гэсэн үндэн 5 зорилтыг  дэвшүүлжээ.

Дээрх таван зорилтын хүрээнд 15 арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн гол цөм болох “Смарт Эрдэнэт” платформыг бүтээх ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх оны тавдугаар сард “Орон нутгийн цахим шилжилт улсын зөвлөгөөн”-ий үеэр нээлтээ хийж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Тус аппликейшн нь иргэн төвтэй буюу хэрэглэгчид рүү чиглэсэн, орон нутгийн олон төрлийн үйлчилгээ, бусад системийг чөлөөтэй нэтгэх, бизнес эрхлэгчийг дэмжих, үндэсний системүүдтэй холбогдсон, төлбөрийн системийг цогцоор шийдэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дараагийн үйл ажиллагаа нь Эрдэнэт газар зүйн мэдээллийн систем”-ийг бүрдүүлэх юм. Эрдэнэт хотын газар нутгийг газар зүйн орон зайн мэдээллийн системд бүрэн шилжүүлэх ажил 65 хувьтай байна.  Газар дээрх барилга, ногоон байгууламж, зам, дэд бүтэц хаягжуулалт, газар доорх инженерийн байгууламж, шилэн кабель зэрэг мэдээллийг нэгтгэнэ. Газар зүйн мэдээллийн систем нь олон мэдээллийн системийн суурь бааз болох юм.

 

Related news