ОРХОН:С.Сэрээтэрдорж: Энэ жил хоёр багт шинэ байр барьсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-23 17:14:37
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт хэрэгжиж буй “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Баян-Өндөр сумын ЗДТГ-ын баг хариуцсан мэргэжилтэн С.Сэрээтэрдоржтой ярилцлаа. 


-Орхон аймагт Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр зургаа дахь жилдээ хэрэгжиж байна. Засаг захиргааны анхан шатны нэгж рүү чиглэсэн энэ хөтөлбөрийн үр дүн хэр байна?

-Багийн хөгжил олон шатаар урагшилсан. Манай аймагт хэрэгжиж байгаа бусад дэд хөтөлбөрүүдээс хамгийн сайн, өгөөжтэй нь гэж би хувьдаа дүгнэж байна.
Баян-Өндөр сумын нэг баг дунджаар 4500-7800 гаруй хүн амтай. Энэ нь бусад аймаг, сумдын багуудтай харьцуулшгүй тоо. Тиймээс бид багуудаа Дархан-Уул аймгийн баг, Улаанбаатар хотын хороодтой дүйцүүлж авч үздэг. Төвийн аймгууд тэр дундаа хөрш зэргэлдээ аймгуудад ийм хөтөлбөр хэрэгжүүлээгүй юм билээ.


-Онцлох томоохон бүтээн байгуулалтын ажлаас дурдвал. Зургаан жилийн хугацаанд багуудад гарсан дэвшил юу байна вэ?

-Баян-Өндөр сумын багуудыг бусад аймаг, сумдын багуудтай харьцуулахад асуудал, бэрхшээл ихтэй, гэхдээ хөгжил нь асар хурдацтай явж байгаа. Жишээлбэл, Говил, Баянцагаан, Эрдэнэ багт багийн цогцолбор барилгыг барьж ашиглалтад оруулсан. Төрийн бүх үйлчилгээг нэг дор багтаасан, орчин үеийн хийц бүхий таван давхар байртай баг ховор. Улаанбаатар хотод ч ийм хороо цөөхөн байдаг. Иргэд нь төрийн үйлчилгээг нэг дороос, лифттэй, орчин нөхцөл сайтай байранд очиж авч байгаа нь “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хамгийн том үр дүн гэж харж байна. Энэ мэт найман багийн байрыг шинээр барьж ашиглалтад оруулахаас гадна сургууль, цэцэрлэг, ӨЭМТ-ийн барилгыг олноор барьж ашиглалтад оруулсан гээд бүтээн байгуулалтыг тоочвол зөндөө  бий.


-Энэ онд Баян-Өндөр суманд шинээр баг байгуулах, хоёр багийн байр барих ажил хийж байна. Үүнээс гадна онцлох ямар ажил байгаа вэ?

-Энэ жил Зэст, Яргуйт багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ багийн байр барьсан. Яргуйт багийн байрыг улсын төсвийн 4 тэрбум төгрөгөөр барьж “Эрдэнэт хотын өдөр”-өөр нээж, ашиглалтад оруулсан. Багийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах үүднээс бүх багт орон нутгийн төсвийн 52 сая төгрөгөөр бүх багт суурин компьютер олгосонТүүнчлэн орон нутгийн төсвийн 31,6 сая төгрөгөөр найман багт шаардлагатай эд хогшил, Орон нутгийн хөгжлийн сангийн 51.8 сая төгрөгөөр зарим багт тоног төхөөрөмжөөр хангаж “Иргэний танхим” байгуулсан.

Иргэд IRGEN.ERDENET.MN сайтаар дамжуулж төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд санал хүсэлтээ гаргах боломжтой болсон. Мөн багт ажиллаж буй хүмүүсийн мэргэжил арга зүйг дээшлүүлэх, ижил төстэй аймгуудын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох сургалтыг зохион байгууллаа.   


-Баян-Өндөр сум ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 26 багтайгаар үйл ажиллагаагаа явуулна. Иргэд баг хуваах нь бүтцээ томруулж байгаагийн нэг жишээ гэж харж байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Баян-Өндөр сум 22 багтай. Хүн ам хурдацтай нэмэгдэж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд хүндрэлтэй болсон. Багийн засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч хэчнээн хичээж ажиллаад ч 7000 хүн амд хүрч үйлчилнэ гэдэг хүндрэлтэй байгаа. Тиймээс хүн амын төвлөрөл ихтэй гурван багийг хувааж шинээр дөрвөн баг байгуулах шийдвэр гарч Эрдэнэ, Яргуйт, Цагаанчулуут багийг хувааж шинээр Баян-Овоот, Найрамдал, Чингэл, Чандмань багуудыг байгуулсан. Багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж зөвлөлөө байгуулан засаг даргаа сонгосон. Ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Ингэснээр Баян-Өндөр сум 29 багтай болж иргэн бүрд хүрч үйлчлэх, төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломж нээгдсэн. 


-Багийн ажлын албаны ачааллыг бууруулах ямар гарц гаргалгаа байгаа вэ? Хүний нөөцийн тогтвор суурьшил гэдэг зүйл маш чухал санагдсан. 

-Багуудын ачаалал хүн амын тоо, байршлаасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Золбин нохой, муур устгал, хог шороо тоос, гудамжны шавар шавхай, зэрлэг ургамал гээд гэр хорооллын багт тулгамддаг асуудал, ачаалал маш их. Баян-Өндөр сумын хэмжээнд 125 хэсгийн ахлагч бий. Тэд бол багийн үйл ажиллагааг хөдөлгөж буй гол хүч гэж хэлж болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг учраас тогтвор суурьшилтай ажиллах нь их ховор. Энэ ажилдаа дуртай, сэтгэлтэй хүмүүс л ажилладаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

Related news