ДАРХАН-УУЛ: Нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл Дархан-Уул аймгийн “Ахмадын хөгжлийн төв”-тэй өнгөрсөн тавдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний хүрээнд салбарын ахмадууд жилд нэг удаа тус төвөөр үйлчлүүлэгч сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ авах эрхтэй болсон. Нөгөөтэйгүүр хэвлэл, мэдээллийн салбарынхан ахмад настны эрхийг хангах, тэдэнд тулгамдсан асуудлыг хөндөн мэдээ, мэдээлэл нийтлэх юм.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл идэвхтэй, оролцоотой амьдрал” хөтөлбөрийн хүрээнд “Ахмад настны эрхийг хангах нь” 13 зорилт бүх сэдвийн хүрээнд нийтлэл нэвтрүүлэгийн уралдаан зарласан. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн уг уралдаан нь гурван сая төгрөгийн шагналын сантай бөгөөд телевиз, радио, цахим нийтлэл гэсэн гурван төрлөөр амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодруулан, өнөөдөр шагнал гардуулах үйл ажиллагаа болов.
Уралдаанд ирсэн нийт бүтээлүүдээс телевизийн төрөлд "Ди Би Эс" телевизийн сэтгүүлч Э.Бодьгэрэлийн “Шувууны хоосон үүр” нэвтрүүлэг тэргүүн байр, дэд байрт тус телевизийн сэтгүүлч Б.Мөнх-Оргилын “Хөөрхөн дэлхий” нэвтрүүлэг, гутгаар байрт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Дархан-уул аймаг дахь сурвалжлагч Л.Отгонбаатарын “Өвлөн уламжлагчдадаа төрийн өндөр хишиг хүртээх юмсан” нэвтрүүлэг шалгарлаа.
Радио бүтээлийн төрөлд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Б.Норовсамбуугийн “Ахмадуудын эрх ашиг” бүтээл шалгарлаа. Цахим нийтлэлийн төрөлд сэтгүүлч Б.Тэгшдэлгэрийн “Бүжигч ахмадууд” нийтлэл тэргүүн байр, дэд байрт сэтгүүлч Л.Отгонбаатарын “Зүг чиггүй” нийтлэл, гутгаар байрт сэтгүүлч Л.Хишигсүрэнгийн “Хөдөлгөөн хөдөлгөөн бас дахин хөдөлгөөн” нийтлэлүүд тус тус шалгарчээ.
Ташрамд, аймгийн “Ахмадын хөгжлийн төв” нь УИХ-ын гишүүн, сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгээр “Эрүүл, идэвхтэй, оролцоотой амьдрал” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж энэ сард дууссан. Хөтөлбөрийн хүрээнд МСНЭ-ийн салбар зөвлөлтэй хамтран “Ахмад настны эрхийг хангах нь” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зохион байгуулсан аж.