ОРХОН: Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв шилдэг инновац нэвтрүүлсэн байгууллагаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-02 15:55:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймаг 2022 онд шинэ санаа, шилдэг инновац нэвтрүүлсэн албан байгууллагуудыг шалгарууллаа. Үүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, БОЭТ-ийн “Ангиографийн тасаг, Хот байгуулалт, барилга, захиалагчийн алба оржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг Монголд анх удаа байгуулж,  2022 оны зургаадугаар сарын 22-нд нээлтээ хийсэн.

Тус төв нь нэн ховор, ашигт ургамлын болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой юм. Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв ашиглалтад орсноор орон нутагт 14 ажлын байр шинээр бий болсон байна.

Мянган тонн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн төв нь модлог ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, үрийн сан бүрдүүлэх, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв 2022 онд хайлаасны 512 кг үр түүж, анхны үрийн дээжээрээ  уул уурхайгаас үүдэлтэй доройтсон хөрсийг сэргээхээр 8 км зурваст тарилт хийж амжилттай ургуулжээ. 


Хот байгуулалт, барилга захиалагчийн алба нь Орхон аймгийн гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны төсөл, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл, хувийн орон сууцны захиалагчийн техник хяналт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. “Уурхайчин баг Тамир зочид буудлын урд хэсэгт” 1,3 га талбайд Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах санал хураалтын ажлыг зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэгчийг батламжлав. Тус төслийн байршилд газар эзэмшигчидтэй гурван талт гэрээ байгуулж, нийт 118 нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн нь 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

БОЭТ-ийн Ангиографийн тасаг нь Орхон аймгийн БОЭТ 2021-2022 онд нийт 230 хагалгааг амжилттай хийсэн байна. 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ангиографийн аппаратаа суурилуулж, 2021 оны 12 дугаар сарын 11-нд орон нутагт анхны судсан дотуурх мэс заслаа амжилттай хийжээ. Ангиографийн тусламж үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд хийж буй эрүүл мэндийн салбарын томоохон шинэчлэл юм.

 

Related news