ЗАВХАН: 2022 онд 299 мянга орчим мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-01-02 17:03:30

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд 15 нэр төрлийн 298289 мод, сөөгийг тарьж, ургуулж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймаг 2031 он хүртэл 10 жилийн хугацаанд 25 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна. Эхний гурван жилд бэлтгэл ажил хангах суурь судалгаа хийх. Тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. 2022 онд тус аймагт улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр ойжуулалтын ажлыг 50 га-д, 9 га ойн төгөл, ойн зурвасыг байгуулсан.

Байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 27 га-д, Идэр, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн суманд үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгийн ойжуулалтын ажлаар 18 га-д мод бут тарьжээ.

Харин уул уурхайн компаниуд 8 га-д, сумын ногоон байгууламж, хамгаалалтын зурвасыг 14,5 га-д гээд аймгийн хэмжээнд нийт 126,5 га талбайд 15 нэр төрлийн 298 289 ширхэг мод, сөөг тарих ажлыг хийгээд буй юм.    



1.2 сая гаруй тарьц суулгацыг бэлтгэжээ

Завхан аймаг 2022 онд тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор, орон нутгийн төсвийн санхүүжилтээр, 18 мод үржүүлгийн газар болон 24 суманд 42 ширхэг 6х10 метр хэмжээтэй иж бүрэн нийлэг хальсан хүлэмжийг нийлүүлжээ.

Мөн 15 ширхэг модны нүх ухагч, хоёр ширхэг иж бүрэн культиватор, 4300 ширхэг навчит модны суулгацын дэмжлэгийг үзүүлжээ. Үүний үр дүнд үйл ажиллагаа явуулж буй 27 мод үржүүлгийн газарт 1-5 настай 1.224.303 ширхэг тарьц, суулгацыг тарьж бойжуулсан.

Үүнээс 962669 нь шилмүүст модны тарьц, 261634 нь навчит модны суулгац, 16 мод үржүүлгийн газар 16 төрлийн 222 кг мод, сөөгийн үр бэлтгээд байна. Тарьц суулгацын нөөцийг ийнхүү бэлтгэснээр ирэх хавар болон, намрын мод тарих ажлыг хугацаа алдалгүй хийх боломжтой юм гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 



Related news