ХОВД: Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-03 16:44:24

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого” Ховд аймагт үр дүнтэй хэрэгжиж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын  хүрээнд 2022 онд эрчим хүч, дэд бүтцийн салбарт хийсэн зарим онцлох ажлын тухай товч танилцуулж байна. 


Тодруулбал, баруун бүсийн аймгуудын цементийн хэрэгцээг хангах зорилготой Ховд эко цементийн үйлдвэр 2022 онд бүрэн ашиглалтад орлоо.


Тус үйлдвэр хоногт 1200- 1300 тонн цемент үйлдвэрлэж,  задгай болон 1 тонн, 50 кг савлаж эхэллээ. 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад таван цементийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй. Ховд эко цементийн үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын цементийн үйлдвэр нэгээр нэмэгдэж байна.   


Ховд аймагт одоогоор цементийн үнэ Улаанбаатар хотын зах зээлийн үнээс хоёр дахин өндөр бөгөөд олдоц муу байгаа тул орон нутагтаа үйлдвэрлэсэн цементийг худалдан авах хүсэлтэй иргэдийн тоо цөөнгүй байгаа аж.


30 гаруй барилга байгууламжаас бүрдэх тус үйлдвэр ажиллаж эхэлснээс хойш 5000 тонн цемент үйлдвэрлэсэн байна. Цаашид цемент үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, туршилт, тохируулгын ажлаа дуусгахаар ажиллаж байна.

 

                           10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо  

Өнгөрсөн 2022 оны 5 дугаар сард  Ховд аймгийн Мянгад сумын нутагт 10 МВт-ын нарны цахилгаан станц сүлжээнд залгагдсан байна.

Ингэснээр эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж,  цаашид баруун бүсийн нийт хэрэглээний 10 орчим хувийг ханган ОХУ-аас худалдан авах эрчим хүчний зардлыг жилд дунджаар 3.4 тэрбум төгрөгөөр хэмнэх урьдчилсан тооцоо гарчээ.  

Тус бүтээн байгуулалтын ажлыг 2016 онд эхэлсэн бөгөөд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар барьсан юм.

“Ховд нар” хэмээх тус нарны цахилгаан станц туршилтаар нэг сар гаруй хугацаанд 2.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байсан.

 

                "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" барих ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод “Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц” барих төслийг хэрэгжүүлэх талаар тусгасан.

Энэхүү төсөл нь гурван аймгийн дөрвөн сумын газар нутгийг дамнасан томоохон бүтээн байгуулалтын ажил юм.

 

Одоогийн байдлаар боомт, ус дамжуулах туннель, станцын барилгын орчимд 22 цооногийн өрөмдлөг хийсэн бөгөөд төслийн талбарт ашиглалтын зам тавих ажил өрнөсөн байна. 

 

Цаашид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад ажиллах боловсон хүчинг бэлтгэх, айл өрх, иргэдийг шинэ суурьшлын бүсэд байршуулах, нөхөн олговор олгох, барилга угсралтын ажил болон бусад холбогдох судалгааны ажлыг шат дараатай үргэлжлүүлэх юм. 


Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төсөл хэрэгжсэнээр хэд хэдэн ач холбогдолтой. Тодруулбал, баруун бүсийн болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах бөгөөд их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.

Баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна. Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756.6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрс хүчлийн хий /ойролцоогоор 1.3 сая тонн/-н ялгаралтыг бууруулна.

Усан цахилгаан станцын барилгын угсралтын ажлын үед 800–1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60–80 хүн байнгын ажлын байраар хангагдана.


Баруун таван аймгууд дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн амьжиргаа сайжирч өрхийн орлого нэмэгдэнэ.

Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүс бий болно. Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх аж.

Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд энэхүү төслийг зайлшгүй урагшлуулах шаардлагатай. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. 

 


Ховд аймаг ийнхүү хөгжлийн төслүүдийг эрчимжүүлж, хэрэгжилтийг сайжруулснаар иргэд эрүүл, ая тухтай орчинд ажиллаж амьдрах боломж бүрдэх бөгөөд орон нутагт ажлын байр нэмэгдэх давуу талтай.  
2023 оны тухайд Ховд аймагт улсын болон орон нутгийн төсвөөр хэд хэдэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил, төсөл, арга хэмжээнүүд үе шаттай хэрэгжих бөгөөд үүний чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар мэргэжилтнүүд хэлж байв.  

 

Related news