ӨВӨРХАНГАЙ: Нийт өрхийн 30 гаруй хувь нь ургийн бичиг хөтөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-05 17:23:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн нийт айл өрхийн 36 хувь /давхардсан тоогоор/ нь угийн бичгээ хөтөлдөг гэх судалгааг Соёл урлагийн газраас гаргасан байна.


Угийн бичгийн хөтлөлтөд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгыг аймгийн бодлогод тусгаж, энэ хүрээнд 80 сургагч багшийг бэлтгэсэн байна. Түүнчлэн өрх бүр угийн бичгийг хөтөлж хэвших уриалгыг дэвшүүлэн  “Үл тасрах хэлхээ” аяныг гурван удаа зохион байгуулснаар 18 сумаас 8154 иргэн сургалтад хамрагдаж улмаар 6403 өрх, 9654 иргэн угийн бичгээ хөтөлжээ.


“2018 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж байгаа уг ажлын үр дүнд нийт иргэдийн дийлэнх хувь нь ураг, удмын 200 гаруй нэршлийг мэддэг болсон. Гэсэн ч угийн бичгээ хөтөлж эхлэх алхмыг хийхгүй, хойшлуулсаар байна” хэмээн Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Л.Пүрэвлхам хэллээ.



Угийн бичиг хөтлөх нь төрлөө мэдэх, өв соёл, зан заншлаа уламжлуулан хадгалах, овог удмынхаа нэр төрийг өргөн дээдэлж, зөв мөртэй амьдрах ач холбогдолтойн дээр язгуур зорилго нь хүний эрүүл нөхөн үржих, генийн цэвэр байдлыг хадгалах, цус ойртохоос сэргийлдэг. Тиймээс Соёлын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад Угийн бичиг хөтлөх тухай заалтуудыг тусгасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор угийн бичиг хөтлөх аргачлалыг тогтоосон байна. 

2022 оноос дэвшилтэт технологийг ашиглан цахим орчинд ургийн бичгээ хөтлөх программуудыг нэвтрүүлж байгаа аж. 

Related news