ӨМНӨГОВЬ: Хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-10 16:36:25

Өмнөговь /МОНЦАМЭ/ БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий дэд консул Жан И Ши Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. 


Цар тахлын улмаас 3 жилийн хугацаанд зохион байгуулаагүй тус уулзалт нэгдүгээр сарын 5-ны өдөр боллоо. БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Консулын газар нь говийн бүсийн хил залгаа Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг боомт бүхий аймгуудтай гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах гол зорилготой.


Цаашлаад хоёр улс харилцан орон нутгаа сурталчлах, хамтын ажиллагааг бүс нутгуудад хөгжүүлэх, соёл олон нийтийн салбаруудад хамтран ажиллаж харилцан уулзалт, форум зохион байгуулахаар төлөвлөжээ.                                                                                 

Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлын тайлангаа хэлэлцэж, 2023 онд хийж хэрэгжүүлэх хэд хэдэн асуудалд санал солилцлоо. Замын-Үүд дэх Консулын газраас энэ онд хийх томоохон төслүүдийн хүрээнд бүс нутгийн байгаль орчин, дэд бүтэц, боловсрол соёлын чиглэлүүдэд тодорхой ажлууд хийхээр төлөвлөжээ.


Мөн соёлын солилцооны хөтөлбөрийг зохион байгуулах, сурагч, оюутнуудад сургалтын чиглэлээр тэтгэлэг олгох, аймгийн холбогдох мэргэжилтнүүд, удирдлагуудыг туршлага судлуулах чиглэлээр олон улсын хурал, уулзалтуудад оролцоход дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Харин аймгийн удирдлагууд Өмнөговь аймаг нүүрс тээвэр, худалдаа, эдийн засгийн гол төв бүс нутаг учраас БНХАУ-ын Эрээн хоттой хамтын ажиллагаатай байвал ямар вэ гэдэг саналыг тавилаа.

Тодруулбал нэгдүгээрт, хоёр хот эдийн засгийн хувьд харилцан ашиг тустай, жижиг дунд бизнес эрхлэгчид хилийн боомтоор шууд худалдаа хийх бүрэн боломжтой. Тиймээс тэдний хамтран ажиллах боломжийг бүрдүүлэн бодлогоор дэмжин хөгжүүлэх тал дээр анхаарч хамтран ажиллахыг, хоёрдугаарт бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх, тэдний дунд солилцооны хөтөлбөрүүд, бизнес экспо, уулзалтуудыг хоёр талдаа зохион байгуулах, гуравдугаарт боловсрол соёл, нийгмийн салбарууд болон бусад бүхий л салбарт хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.


Ийнхүү талууд хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлын саналуудаа солилцож, хоёр улсын дээд газрууддаа танилцуулан цаашид ямар ажлууд хийх боломжтой талаар нэгдсэн баримт бичгээр харилцан мэдээлэл өгөхөөр болжээ.

Related news