ЦАГ АГААР: Л.Оюунжаргал: Төвийн аймгуудын нутаг руу өнөөдрөөс хүйтний урсгал орж ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2023-01-12 11:02:03

 Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ус цаг уур, орчин шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдэд монгол орон даяар эхэлж байгаа хүйтрэлтийн талаар тодрууллаа.


-Энэ өдрүүдэд эрс хүйтрэх тухай урьдчилан сэргийлэх мэдээ түгэж байна. Хаанаас үүдэлтэй ямар хугацааны хүйтрэлт болох юм бэ?

-Сүүлийн хэд хоног харьцангуй дулаан байлаа. Харин өнгөрсөн шөнө /2023-1-11/-өөс хүйтрэх явдал эхэлж байна. Улаангомд урьд шөнө -32 хэмийн хүйтэн хоносон. Хүйтрэх үзэгдэл баруун аймгуудаас энэ байдлаар эхэлж байна. Төвийн аймгуудын нутаг руу өнөөдрөөс энэ хүйтний урсгал орж ирнэ гэж ойлгож болно.


-Хүйтрэх энэ үзэгдлийн эх үүсвэр хаанаас үүдэлтэй гэж ойлгож болох вэ?

-Хүйтэн агаарын урсгал хойт туйлаас ОХУ-ын Сибирийг дамжиж орж ирдэг. Тэр дагуу орж ирж байгаа. Туйлын хуйлрал гэж байгалийн үзэгдэл байдаг. Энэ хуйлрал эрчимтэй, сул гэж хоёр янз байдаг. Энэ жилийн хувьд сул байна. Ийм учраас туйлаас хүйтэн агаар дундаж өргөрөг рүү шууд орж ирээд байгаа юм. Мэргэжлийн хэллэгээр бол росбий долгионы давтамж янз бүр байна. Энгийнээр ойлговол агаарын урсгалын хэлбэлзэл өндөр, хэмжээ нь богино болсон гэж ойлгож болно.


-Туйлаас Сибирийг дамжин орж ирэх агаарын хүйтэн урсгал манай оронд ямар хугацаанд хадгалагдахаар байгаа юм бол?

-Бидний харж байгаагаар энэ сарын 20-ны өдрийг хүртэл хадгалагдахаар байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоног шиг дулаарах нөхцөл ойрын 10 хоногт байхгүй гэсэн үг. Хүйтрэлийн өмнө цасан шуурга шуурдаг. Энэ үзэгдлийг бол манай ард түмэн мэднэ. Цасан шуурга одоогийн байдлаар зарим нутагт эхэлсэн. Тухайлбал, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим нутаг, Булган, Сэлэнгэ аймгийн нутгийг бүхэлд нь хамарсан цас орж шуурч эхэлсэн байна. Энэ нь цаашаа Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг руу үргэлжилнэ.


- Цасан шуурганы эрч ямар хэмжээнд байна вэ?

-Салхины хурд 12 метр секундээс давж, цас гурван цагаас дээш үргэлжлэн орохыг цаг агаарын онц аюултай үзэгдэл гэж нэрэлдэг. Салхины хурд, цас орох хугацаа энэ хэмжээнээс дээш гарна гэж ойлгож болно.


-Энгийнээр ойлгоход Увс аймгийн нутгаар орж ирж байгаа энэ хүйтрэл, цасан шуурга манай орны аль аймаг сумын нутгаар хэзээ гадагшлах вэ?

-Баян-Өлгий аймгаас хүйтрэх явдал эхэлсэн. Одоо салхины эрч, цас орох үзэгдэл нутгийн урд хэсэг Дундговь аймагт юм уу сууж нэвтэрнэ.Улмаар Дорноговь аймгийн нутгаар дамжаад нөгөөдөр гэхэд Сүхбаатар аймгийн зүүн урд хэсгээр хил давна. Одоо орж ирж байгаа хүйтэн бол нэгдүгээр сарын хоёрдугаар 10 хоногт хадгалагдах бололтой байна.


Энэ хүйтэн бол нэгдүгээр сард болдоггүй хүйтэн биш. Угаасаа л нэгдүгээр сард хүйтэрдэг. Манай оронд өнгөрсөн өдрүүдэд дулаахан байсан. Түүнтэй харьцуулахад хүйтэн байна шүү гэдгийг онцлон хэлмээр байна. Энэ 10 хоногийн хугацаанд нутгийн баруун өмнөд хэсгээр эхлээд хүйтрэх, эргээд дулаарах нөхцөл бүрдэнэ гэдгийг хэлмээр байна. Харин нутгийн зүүн хэсэгт хүйтэн тогтвортой хадгалагдахаар байгаа.

Related news