ӨМНӨГОВЬ: Даланзадгад сум "Оisca Mongolia" олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Дэлхийн 50 гаруй улсад хэрэгжиж байгаа "Оisca Mongolia" олон улсын байгууллагатай Даланзадгад сум байгаль орчин, хөдөө аж ахуй, боловсрол, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ, сургалтын төвүүд, иргэдэд зөвлөгөө өгөх, урт болон богино хугацааны сургалт зохион байгуулах, дадлагажуулах, туршлага судлах, эмэгтэйчүүд болон залуучуудын нийгэм дэх оролцоог дэмжих чиглэлд анхааран ажиллаж байна.
"Оisca Mongolia" олон улсын байгууллага 2006 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд боловсрол, соёл, нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон судалгаа шинжилгээний чиглэлд манай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж харилцан туршлага солилцох зэрэг ажлыг зохион байгуулж ажилладаг.
“Oisca Mongolia" олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард Япон улсаас ажлын шинэ хувцас хүлээн авч, цэмцгэр Даланзадгад хотын төлөө цаг наргүй ажилладаг Захирагчийн ажлын албаны ажилтнуудад гардуулан өгсөн.
Харин 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Даланзадгад сум, “Oisca Mongolia” олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсаас хүмүүнлэгийн хандивын хувцас хэрэглэлийг хүлээн авч, хэрэгцээ шаардлагатай Даланзадгад сумын найман багийн 164 өрхийн 590 иргэнд олгожээ.


