Үндэсний номын сангийн өнөөгийн төрхийг сурвалжлахуй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
erdenebat@montsame.mn
2023-01-16 13:06:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын Засгийн Газраас Нийслэл хүрээнд Номын хүрээлэн байгуулахаар тогтож, Богд хаанд мэдүүлэн 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Судар бичгийн хүрээлэнг байгуулж, бүтцэд нь шинжлэх судлах хүрээлэн, музей, архив, номын сангийн агуулга бүхий нэгжүүдийг бий болгосноор өнөөгийн Монгол Улсын Үндэсний номын сангийн суурь тавигджээ. Тэр цагаас хойш нэгэн зуун жил даруй өнгөрчээ.


Нэгэн зууны настай Үндэсний номын сангийн үүдээр орохтой зэрэгцээд халз өөдөөс гэрэлт хөшөө угтах бөгөөд энэ нь Данжуурын гэрэлт хөшөө юм. Уг хөшөө Судар бичгийн хүрээлэнгийн дарга Онходын Жамъян, Жонон ван Ширнэндамдин нар Бээжинд суурин сууж асан Халхын Сэцэн Чин ван Наянтаас монгол Данжуурын 226 ботийг хүрээлэнгийн сан хөмрөгт залж авч ирсэн түүхэн үйл явдалтай холбогддог. Монгол данжуурыг залахад Судар бичгийн хүрээлэнгээс томилогдсон төлөөлөгчид Наянт вантай есөн зүйлийн гэрээ хийсэн бөгөөд тэрхүү гэрээний нэг заалтад гэрэлт хөшөө сийлэн байрлуулах тухай тусгагджээ. Хөшөөг 1928-1955 оны хооронд “Чөтгөр” хэмээх Н.Дэндэв урлажээ. Тэрээр хөшөөг бүтээхийн тулд хятад чулуучин Баянсан хэмээгчид хандаж, чулуу сийлэх аргыг заалгасан боловч хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн гэдэг. Ажил нь овоо урагштай явж байтал эрүүл мэндийн улмаас хойш тавихаас өөр аргагүйд хүрч, 1955 онд үлдсэн цөөн хэдэн үсгээ сийлэн дуусгажээ. Ийнхүү 37 насандаа хийж эхэлсэн хөшөөгөө 64 насандаа дутуу орхисон 64 үсгийг гүйцээн сийлснээр биднийг угтах энэхүү хөшөө бүтсэн түүхтэй. Гэсэн хэдий ч байраа олохгүй явсаар 2000 он гарсны дараагаар л зохих газраа залагдсан юм.


Үндэсний номын сангийн захирал асан, СГЗ, нэрт орчуулагч Г.Акимын санаачилгаар энэхүү гэрэлт хөшөөг 2005 онд номын санд хүндэтгэлтэйгээр залжээ. 2017 онд  ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд Монгол шунхан Данжуурын нэмэлт болж (inclusion) бүртгэгдсэн байна.

Өрнө дахины сан хөмрөг: 1928 оны үеэс бий болсон Европ номын тасгаас эхтэй энэхүү сан хөмрөгт өрнө дахины орнуудын хэл, бичгээр хэвлэгдсэн шинжлэх ухаан, уран зохиолын 615000 ном хадгалагддаг.


“Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхим болон их уншлагын танхимаар үйлчлүүлдэг уншигчид энэхүү сан хөмрөгөөс ном захиалж, ашиглах нь түгээмэл” гэж сан хөмрөгч Ц.Насанжаргал ярилаа. Тус сан хөмрөг дэх энэхүү олон зуун ном дотор түүх, соёлын нандин өв, сэжмийг агуулсан олон ном буй бөгөөд энэ удаад нэгэн номыг онцлон танилцуулья. Тэр бол Монгол судлаач, хятадч эрдэмтэн П.С.Поповын бүтээсэн “Хятад-Орос хэлний толь бичиг” юм. Уг толь 1888 онд Бээжин хотод хэвлэгджээ. Толийг анх бичиж эхлүүлсэн хүн бол Монголын нууц товчоог Хятадын эзэн хааны номын сангаас олж илрүүлсэн П.Кафаров бөгөөд П.С.Попов түүний шавь болохоос гадна, байгуулсан судалгааны хүрээлэнгийнх нь тэтгэлэгт оюутан байжээ. Толь бичгийн эхний хуудасны баруун дээд өнцөгт “Бадамжаповт, 1920, Урга” гэж бичсэн байх бөгөөд энэ нь 1920 онд Өргөө буюу Нийслэл хүрээнд ирэх үеэрээ Ц.Бадамжавт бэлэглэсэн нь тодорхой харагдана. 100 гаруй жилийн тэртээ алдарт эрдэмтнээс бэлгэлэгдэж байсан энэ ном Судар бичгийн хүрээлэнгийн номын цуглуулга, дараагаар нь Европ номын тасагт ирж, тус номын сангийн өмчөөр бүртгэгдэн, өмчийн тамгаар тамгалагдаж, өнөөдрийг хүртэл хадгалагдаж, уншигч түмнээ уншигдсаар байна. Номын доторх нүүрт дөрвөлжлөн зүссэн байх агаад энэ нь толийг тодорхой хугацаанд уншлагын танхим руу гаргахгүй, хориотой номын тоонд багтааж байсны гэрч болон үлджээ.


Монгол номын сан хөмрөг: Үндэсний монгол бичиг болон кирилл монгол үсгээр хэвлэгдсэн 180000 гаруй ном хадгалагддаг. Номын санд буй бүхий л уншлагын танхимаар үйлчлүүлж буй уншигчид энэхүү сан хөмрөгөөс ном захиалан унших боломжтой.


Тогтмол хэвлэлийн сан хөмрөг: 200000 нэгж сонин, сэтгүүл хадгалагдаж, уншлагын танхимаар олгогдож байна. МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Новостий Монголии” (орос), “Хүмүүн бичиг” (монгол бичгээр), "Монгол мессенжер" (англи), "Монгору Цүшин" (япон), Мөнгү Шяаши Бао" (хятад) сонинууд дугаараараа энд тэвхийтэл өрөөстэй харагдана. “Өдөр тутмын болон 7, 10 хоногийн сонин, сэтгүүл энэ сан хөмрөгт хадгалагдаж, жилийн дөрвөн улиралд эргэлтэд орж байдаг” хэмээн сан хөмрөгч Ч.Бямбажав ярилаа. Тогтмол хэвлэлийг цахим хэлбэрт оруулах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буй бөгөөд 2021 онд 1945-1990 оны хоорондох орон нутгийн тогтмол хэвлэлүүдийг, 2022 онд МЗЭ-тэй хамтран 1948 оноос өнөөг хүртэлх “Цог” сэтгүүлийг цахим хэлбэртэй шилжүүлжээ. Орон нутгийн сонингийн цахим санг онлайнаар шууд үзэх боломжтой бол “Цог” сэтгүүлийг Үндэсний номын сангийн Тогтмол хэвлэлийн танхимд очиж цахим сангаас унших боломжтой болжээ.

Монгол судлал, гар бичмэл сан хөмрөг: “О.Жамъян гүний залж ирсэн Данжуурын 226 ботиос эхлээд эртний гар бичмэл, ном судрууд, хошуу нутгийн зураг, уг эхүүд хадгалагддаг. Судруудыг шоголоос гадна торгон баринтагаар баринтаглаж тоос шороо, элгэдлээс хамгаалдаг. Одоо харагдаж буй шар торгон баринтагаар саяхан баринтагласан” хэмээн сан хөмрөгч М.Тунгалаг ярилаа. Ганжуурын баринтгийг нэг бус удаа шинэчилжээ. Ингэхдээ хуучин баринтгийг авахгүйгээр шинэ баринтгаар давхарладаг юм байна. Учир нь хуучирсан баринтагийн утаа эс нь хортон шавжийг дайжуулдаг онцлогтой гэнэ. Тус сан хөмрөгт Энэтхэг болон АНУ-д орчин үеийн аргаар хэвлэгдсэн хоёр ч Ганжуур хадгалагдаж байна.

Тус сан хөмрөг дээр “Гар бичмэл, нутгийн зураг, уг эхүүдийг уншигч, судлаачдын хүсэлтийн дагуу цахимжуулж Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхимаар дамжуулан уншуулдаг. Гар бичмэл номыг цахим хэлбэрт оруулахдаа үдээсийг нь ханзалж хуудас нэг бүрээр нь оруулдаг. Цахимжуулахдаа Robotic Book Scanner ашигладаг, энэ төхөөрөмж улсын хэмжээнд гурав байдаг. Цагт 2500 хуудас сканнердах чадалтай” хэмээн П.Гийхнаран тайлбарлав. Тэрбээр биднийг очих  үед “Гурван улсын бичиг” хэмээх гар бичмэлийг цахимд оруулж байв.

Тус сан хөмрөг дэх гар бичмэл номуудыг цахимжуулж, уншигч, судлаачдад ашиглуулахаас гадна сэргээн засварлах нүсэр ажил давхар явагддаг. “Гар бичмэл номууд муутуу цаасан дээр бичигдсэн байх бөгөөд цаг хугацаа, эдэлгээний явцад хуучирч муудан, зах ирмэгээсээ эмтэрч, элэгдэж үрэгдсэн байдаг. Түүнийг сэргээх, хуучин хэлбэрт оруулах нь сэргээн засварлагчийн гол ажил юм. Тэр бүхнийг сэргээн засварлахын тулд нуруулдсан талын үдээсийг ханзлаад дэлгэхээр голоороо хуваагдсан хоёр хуудас нэг талдаа бичигтэй болно. Түүнийг бичиггүй талаас нь чийг өгч зориулалтын цавуугаар цавуудан муутуу цаасан дээр зэрэгцүүлэн наана. Түүнийгээ 48 цаг эсгийний завсар хавчуулж чигийг шингээнэ. Чийггүй болсон хуудсуудыг тусгай зориулалтын машинд оруулан хатааж тэнийлгэнэ. Үүний дараагаар шинээр бий болсон хэсэгт алга болсон үсэг, тэмдэгтийг нөхөж анхны хэлбэрт нь оруулаад сан хөмрөгт хүлээлгэж өгдөг” гэж сэргээн засварлагч Ү.Доржоо тайлбарласан юм. Биднийг очих үед Хэ Ван Юуны бичиг хэмээх бүтээлийг дээрх байдлаар засварлаж байв. Жилд гар бичмэл номын 500 хуудсыг дээрх байдлаар засварлах боломжтой. Энэ нь жилдээ 7-8 номыг бүрэн засварлах боломжтой гэсэн үг юм.


Тус номын сангаас сэдэвчилсэн номын үзэсгэлэнг өөрийн байрандаа үе үе гаргадаг юм байна. 2022 оны 11 дүгээр сарын 26-наас энэ оны нэгдүгээр сарын 31 хүртэл Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Их хааны нэрээр бүтээгдсэн ном шастирын үзэсгэлэн гаргажээ. Уг үзэсгэлэнд 19 оронд 23 хэлээр хэвлэгдсэн бүтээл дэлгэгдсэн байна. Тус номын сангаас өнөөдрийн байдлаар энэ мэт олон зүйлийг хүн мэдэж авч, нүдээр үзэж болохоор байна. Нэг үгээр хэлбэл Монголын үндэсний төв номын сангийн өнгө төрх, номын ертөнц гэгээлэг, тунгалаг байна.

В.Түвшинтогтох: “СУДАР, САНГИЙН ХАДГАЛАГЧ” ХЭМЭЭХ ОРОН ТОО 1923 ОНД БИЙ БОЛСНООР НОМЫН САНГИЙН ХӨГЖИЛ ЭХЭЛСЭН ГЭЖ ҮЗДЭГ.

Монгол Улсын Үндэсний номын сангийн түүхэн хөгжлийн талаар арга зүйч В.Түвшинтогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

-Судар бичгийн хүрээлэн байгуулах зарлиг шийдвэр гарсан байдаг. Энд номын сан гэсэн нэр байсан гэдэгт эргэлзэж байна. Номын хүрээлэн гээд байдаг даа. Номын сан гэдэг нэр нь хэзээ, хаанаас гарч ирсэн юм бэ?

-Энэ их сонихолтой асуудал. Номын сан хэмээх үг нь монгол хэлний үгийн санд шинэ үг болох нь ажиглагддаг. Учир нь таны асуултад буй Номын хүрээлэн, Судар бичгийн хүрээлэн гэдэг үгүүдээс харагдана. 1924 онд болсон Улсын анхдугаар хурлын үеэр О.Жамъян гуай тавьсан илтгэлдээ номын сан хэмээх үгийг ашигласан байдаг. Гэтэл энэ нь зарим төлөөлөгчдөд этгээд сонин санагдсан уу нэр цохож асуусан байдаг. Тодруулбал  Дорнодын Тамсагбулагаас ирсэн төлөөлөгч Сэрээтэрийн “Номын сан хэмээн нэрийдсэний учир юун буй” гэсэн асуултад сайд О.Жамъян “Монгол, Орос, Хятад, Францын зэрэг улсуудын номуудыг цуглуулснаар номын сан хэмээсэн буй” хэмээх хариулсан байдаг. Энэ нь тухайн үед номын сан хэмээх үг нийтийн хэрэглээнд байгаагүй бололтой хэмээн дүгнэхэд хүргэдэг. Энэ явдлын өмнөхөн буюу жил гаруйхны өмнө Судар бичгийн хүрээлэн нэгэн шинэ орон тоо гарсан нь “Судар сангийн хадгалагч” юм. 2021 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэн энэхүү “Судар сангийн хадгалагч” хэмээх орон тоо бий болсноор орчин цагийн номын сангийн ажил эхэлсэн гэсэн дүгнэлтийг гаргасан байна лээ.


-Анхны ном зүйн бүртгэлийг Я.Цэвэл эмхэтгэн хэвлүүлсэн тухай баримт байдаг. Түүнийг жаахан тодруулах уу?

-Судар бичгийн хүрээлэнгийн дэргэдэх номын сангийн үйл ажиллагаа 1921-1927 оны хооронд цуглуулах, хадгалах зарчмаар явж ирсэн бол 1928 оноос ангилах, ялгах шаардлага гарч Азийн номын сан, Европ номын сан хэмээн хоёр хуваах болсон. Үүний дараагаар номоо бүртгэх шаардлага гарсан нь 1935 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор хувьсгалаас хойш Монгол Улсад гарсан номын бүртгэлийг хийх тушаалаас тодорхой харагддаг. Уг үүргийг Я.Цэвэл, Д.Нацагдорж нарт даалгасан ч Я.Цэвэл гуай хийж гүйцээсэн. Ингэж Монголын анхны ном зүйг бүтээсэн түүхтэй. Сонирхолтой нь, ном зүйгээ 1895 онд Бельги улсын Брюсель хотноо байгуулагдсан Олон улсын ном зүйн хүрээлэнгээс гаргасан аргачлалын дагуу хийсэн байдаг. Энэхүү аргачлалыг хаанаас, хэрхэн олж ашигласан бэ гэдэг нь сонирхол татдаг.


-Номын сангийн хадгаламжид гар бичмэл, ном судраас гадна өөр ямар зүйлс хадгалагдаж  байна. Түүнийг хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Маршал Х.Чойбалсан гуайн эдэлж, хэрэглэж байсан болор нүүртэй, царс модон шүүгээ зэрэг бий. Түүнээс гадна Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв нарын номууд манай номын сангийн сан хөмрөгт хадгалагддаг. Номын сангийн сан хөмрөгийг бүрдүүлэх нэг хэлбэр нь бэлэг, хандив юм. Энэ жишгээр манай нэртэй эрдэмтэн, сэхээтнүүд өөрийн хэрэглэж байсан номын сангаа манай сан хөмрөгт хандивлаж, бэлэглэдэг сайхан жишиг бий.


-Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд одоохондоо “Алтан цуглуулбар” нэртэй үзэсгэлэн гарч байна. Үндсэн үзэсгэлэн буюу үнэт ховор номын музей хэзээнээс эхлэн ажиллах вэ?

-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан манай номын сангаас Дипломатын академитай хамтран “Алтан цуглуулбар” үзэсгэлэнг гаргасан. Уг үзэсгэлэнд 19 орны 23 хэлээрх 1835-2022 онд хамаарах 1000 гаруй номыг дэлгэн үзүүлж байна. 2023 оны 1 дүгээр сарын 31-нд энэхүү үзэсгэлэн хаагдаж, Үнэт ховор номын үзэсгэлэн маань дэлгэгдэх болно. Үнэт ховор номын музейд Монголчуудын бүтээж ирсэн эрдэм ухааны уламжлал, номын урлалыг илтгэсэн гайхалтай дурсгалууд дэлгэгддэг.

 Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Related news