ОРХОН: Орхон аймаг “Суралцагч хот” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-17 12:16:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ИТХ-аас “Суралцагч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөр нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчин, амьдралын зөв хэв маягийг олон нийтэд төлөвшүүлэх зорилготой юм.

Учир нь Орхон аймагт 2022 онд зам тээврийн 18 осол гарахад 19 хүүхэд өртөж нэг хүүхэд нас барсан байна. Мөн 6-11 насны сурагчдын 28.6 хувь нь илүүдэл жинтэй, шүдний өвчлөл их зэрэг эрүүл мэндийн үзүүлэлтээрээ ч доогуур гарчээ.

Иймд Эрдэнэт хотын 100 гаруй мянган иргэнд эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв хэв маягт сургах дадлыг бий болгохоор “Суралцагч хот” хөтөлбөрийг баталж энэ оноос хэрэгжүүлж эхэлж байна.

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа 2050” зорилтын хүрээнд боловсруулжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бага насны сурагчид шүдээ угаах зөв дадалд сурах, өсвөр насны хүүхдүүд эрүүл, зөв хооллож сурах, ахлах ангийн сурагчид үндэсний өв соёлоо дээдэлж эрхэмлэх, хувь хүний хөгжил, манлайллын ур чадвар эзэмших зэрэг олон зүйлд суралцах юм. Тиймээс “Суралцагч хот” хэмээн хөтөлбөрөө нэрлэжээ. 

 

Related news