ОРХОН: Эрдэнэт үйлдвэрийн ажилчид хаягдал зай хадгалах сав бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-19 15:20:27
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд 100 бүтээлч ажлын уралдаан зарласан. Уг уралдаанд зориулан үйлдвэрийн Зураг төслийн хүрээлэнгийн залуус хаягдал материал ашиглаж, зай хадгалах сав хийсэн байна.

Хэрэглэсэн зайг хадгалах энэхүү савыг хаягдал бүтээгдэхүүн болох цаасны гол ашиглаж хийжээ. Ашигласан зайг байгальд хортой хаягдал хог гэж үздэг. Тэгвэл зай хадгалах сав хийснээр асуудлыг бага ч болов эмх цэгцэд оруулах нөхцөл бүрдэж байгаа юм. Хаягдал зай хадгалах савыг Зураг төслийн хүрээлэнгийн тэргүүлэх инженер А.Соджаргал санаачилсан бөгөөд өнөөдөр Аж ахуй, үйлчилгээний цехэд 170 ширхгийг хүлээлгэн өглөө.


Энэ талаар Зураг төслийн хүрээлэнгийн захирал Д.Тамир: “Эрдэнэт үйлдвэр ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажилладаг. Сүүлийн нэг жил зургаан сарын хугацаанд гарсан цаасны гол ашиглаж энэ зайны савыг хийсэн. Тус хүрээлэнгийн 10 залуу энэ бүтээлч ажилд оролцлоо. Бид ажлын бус цагаар хоёр сар ажиллаж нийт 170 сав хийсэн. Энэ нь компьютерын гар, хулганад хэрэглэгддэг хуруу зай буюу тусгай хог хаягдал хийх зориулалттай бичил сав юм. Иймээс оффисын ажилчдын ширээн дээр байрлуулах боломжтой шинэ бүтээгдэхүүн болсон. Тусгай хог хаягдал учраас Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, холбогдох байгууллагад нь нэгдсэн журмаар өгч устгал хийлгэх ёстой. Уг зайны сав дүүрсэн тохиолдолд хэрэглэгчид Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэст хүлээлгэн өгөх шаардлагатай. Бүх газар зай хэрэглэж байгаа. Иймээс аймгийн хэмжээнд зайн савыг түгээх боломж бий. Цаасны гол нь манай бүтээгдэхүүний хаягдал учраас энэ савыг хийгээд явах боломжтой юм” хэмээн онцлов.


Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа: Манай цехийн ажилчид байгаль орчинд хортой хог хаягдлыг ангилан ялгаж ажилладаг. Энэ тал дээр санаачилсан ажлууд бий. Бид үйлдвэрийн захиргааны нэг, хоёрдугаар байрны коридоруудад зай хаях савууд байршуулсан. Эдгээр залуус ашигласан зайгаа өрөөн дотроо саванд хийх нөхцөлөөр хангаж өглөө. Мөн хоёр, гурван жил ашигласан зайг найдвартай саванд хадгалж, дүүрэхээр нь зориулалтын дагуу устгах аргыг тооцсон маш үр дүнтэй ажил болсон байна” гэж тус үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ. 



Related news