Цалингийн санг орон нутаг 100 хувь даана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 13:56:49

Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутагт байдаг Их нартын  байгалын нөөц газарт хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлэх хугацаа өнгөрөгч есдүгээр сард дууслаа.

Их нартын  байгалын нөөц газарт одоогоор найман хүн ажилладаг бөгөөд тэдний дөрвийнх нь цалинг тус төслөөс, үлдсэн ажилчдын цалинг орон нутгаас санхүүжүүлж байсан юм. Харин одоо нийт ажиллагсдын цалинг орон нутгаас гаргах шаардлагатай байгаа бөгөөд тус хамгаалалтын захиргаанаас орон нутгийн ирэх оны төсөвт суулгуулахаар цалингийн сан бүхий 58 орчим сая төгрөгийн тооцоог боловсруулж эрх бүхий байгууллагад  танилцуулжээ. 

  Дорноговь аймгаас 2013 онд  Их нартын байгалын нөөц газрын Хамгаалалтын захиргааг байгуулж 100 сая төгрөг, гурван хүний цалин зэргийг олгосноор ажиллах хүчин, өдөр тутмын үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн байдаг. Цалингийн санг орон нутгаас баталж өгвөл хамгалаалалтын захиргаа хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой аж.  Тус газарт   тусгай  1000 гаруй аргаль, 300 гаруй янгир идээшилж байна.

Х.Эрдэнэбулган

Related news
Comments