ӨМНӨГОВЬ: Сэврэй хайрхан орчмын ан амьтанд өвс тэжээл тавих ажлыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-30 16:03:05

Өмнөговь/МОНЦАМЭ/ Сэврэй сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан Сэврэй хайрхны ар бэлийн 2450 м өндөрт болон сумын ойр орчимд хар сүүлт үзэгдэх болсон газруудаар өвс тэжээлийг бэлтгэн тавьжээ.

 

Тус сумын нутаг дэвсгэрт дэлхийн улаан номд бүртгэгдсэн дархан цаазтай хулан, ирвэс, аргаль, янгир, хар сүүлт зэрэг амьтад байхаас гадна шилүүс, чоно, үнэг, ёл, тас, бүргэд, хойлог зэрэг араатан жигүүртнээр элбэг.

 

Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Биологийн олон янз байдал, тэр дундаа ховордож буй ан амьтан, ургамлыг хамгаална" зорилтот дэд хөтөлбөрүүдийг сумдад идэвхтэй өрнүүлж, биотехникийн арга хэмжээг шаардлагатай бүс нутгуудад зохион байгуулж байна.  

 

Сэврэй сумын ИТХ ын төлөөлөгчид, ажлын албаны хамт олон хувиасаа 1 тонн буюу 50 боодол өвсний зардлыг гаргаж ЗДТГ-ын байгаль орчны хяналтын байцаагч, тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид хамтран 20 гаруй газарт тус ажлыг амжилттай зохион байгууллаа. 


БОАЖГ-ын байгаль орчин хариуцсан  мэргэжилтэн:  Т.Пунцагцовоо


Ерөнхийдөө Өмнөговь аймгийн нийт сумаар биотехникийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөгөө гаргасан. Энэ ажлын хүрээнд уул уурхай, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран нэн шаардлагатай газруудад уст болон өвс тэжээл тавих ажлыг зохион байгуулж байна. Мөн сумд нөөц боломждоо тулгуурлан өвс тэжээлийг бэлтгэн оролцсон.

Одоогоор Сэврэй, Ноён, Манлай, Ханбогд, Номгон, Баян-Овоо зэрэг суманд ан амьтанд өвс тавих ажлыг зохион байгуулаад байна. Биотехникийн ажлыг зохион байгуулаад эргээд хяналт шалгалт хийх үед нэг аргаль ирвэсэнд бариулсан байсныг эс тооцвол тоо толгой хорогдсон байдал одоогоор байхгүй байна. Яахав Сэврэй хайрхан орчмоор аргаль янгир, хар сүүлт, хулан зэрэг амьтад элбэг. Сая сүүлийн өвс тавих ажлын үеэр нүдэн тооллогоор бол 30 гаруй аргаль байна гэж тоолсон. Манай аймгийн хувьд тухайн бүс нутаг орчмоор ийм төрлийн амьтад байдаг гэсэн тооцооллоор явж байгаа. Учир нь судалгааны камер тавьж байж л нарийн бодит тоо гарч ирнэ. Энэ талын техник технологи манайд дутмаг байна. Одоогоор камержуулах ажил дөнгөж л эхэлж байгаа. Энэ жилийн зорилт үйл ажиллагаандаа энэ талаар дорвитой ажлууд хийхээр тусгасан. 

2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс бид Баяндалай, Ханхонгор сумын нутгаар 2-3 цэгт биотехникийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. 


Related news