ӨМНӨГОВЬ: Өмнөговь, Булган сумыг холбосон 5000 га талбайг ойжуулах ажлыг эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2020
оны 100 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Өмнөговь аймгийн Засаг
дарга сумдын Засаг дарга болон байгууллагын дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэ үеэр удирдлагуудтай цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцохын зэрэгцээ шинээр дагаж мөрдөх хуулийн талаар мэдээлэл өгч, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2023 онд сумдад хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төлөвлөгөөт ажлуудын талаар ярилцав.
Өмнөговь аймгийн хувьд улсын хэмжээнд хэрэгжиж байгаа хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлэн ажиллахын
зэрэгцээ орон нутагтаа 648,5 тэрбум төгрөгийн төсвийг төвлөрүүлж, түүнээс 42.2 хувь буюу 273.6 тэрбум төгрөгийг улсын
төсөвт төвлөрүүлэн
ажиллах юм.
Ийнхүү улс, орон нутгаас
хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийн хэрэгжилтэд анхаарч, төрийн ажил үйлчилгээг
түргэн шуурхай, ил тод, нээлттэй, иргэн төвтэй байхад анхаарч ажиллахыг аймгийн
Засаг даргаас үүрэг чиглэл болголоо.
БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх:
Аймгийн Засаг даргатай
2023 онд хэрэгжүүлэх ажлын гэрээ байгууллаа. Засгийн газраас аймгуудыг дүгнэхэд гол үзүүлэлт болдог "Хог хаягдлын
менежмент", “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, Монголд зочлох жил, усны
бохирдол, цөлжилт зэрэг асуудлуудтай тэмцэх ажлуудыг эрчимжүүлэн хийж хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан.
Монгол Улсаас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид “Өмнөговьд зочлох жил” болгон зарлаж зорьж очих цэгүүдийг тохижуулах ажлуудыг хийх юм. Мөн “Элсэн манханы баяр”, “Түмэн тэмээний баяр” зэрэг уламжлал болгон тэмдэглэдэг үйл ажиллагаануудын цар хүрээг өргөжүүлэн зохион байгуулна.
Дээрээс нь “Говь-Ус”, “Хэрлэн Говь”, “Орхон говь” зэрэг төслийг идэвхжүүлэн хэрэгжүүлэх зорилготой байгаа. Гадаргын усны нөөцийг хамгаалах мөн тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд заган ойн санг нэмэгдүүлэх, Өмнөговь ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь, Булган сумыг холбосон 5000 га талбайг ойжуулах ажлыг эхлүүлнэ. Дээрээс нь хуванцар түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах говийн гайхамшигт GG-6, үүнээс говь нутагт нутагшин амьдардаг Хулан, Хар сүүлт хоёрыг хамгаалах зэрэг 120 гаруй төрлийн ажлуудыг энэ жил хийж хэрэгжүүлнэ.
Ноён сумын Засаг дарга О.Насанбуян:
Ноён сумын хувьд өнгөрсөн жилийн хувьд 6 орчим тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх, сумандаа сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дулаан,
цэвэр бохирын өргөтгөлийн ажлыг хийж хэрэгжүүлсэн. Мөн малчид иргэдийг
мэдээллээр хангах, түргэн тусламжийн үйлчилгээнд шуурхай хамруулах, 4G сүлжээнд алслагдсан бүс нутгуудаа холбосон
зэрэг ололт амжилт ихтэй жилүүд байлаа.
Харин 2023 оны хувьд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 10 айлын орон сууцыг шинээр барих, халаалт дулааны шугам сүлжээний өргөтгөлийг нэмж хийнэ. Мөн энэ жил Ноён сумын 100 жилийн түүхт ой тохиож байгаа. Сум орон нутгийн иргэд аймгийн удирдлага хамт олонтойгоо хамтраад өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн гэрээнийхээ дагуу идэвх чармайлттай ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна