ТӨВ: Дэлгэрхаан сум “Дуут мэргэ” шагайн харвааны салбар хороотой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-02-08 08:04:32

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Дэлгэрхаан суманд “Дуут мэргэ” шагайн салбар хороо байгуулж нээлтээ хийлээ.Энэхүү  хороо нь Монгол улсын XX зууны манлай харваач Ц. Баярбат агсаны нэрэмжит юм.

Нээлтэд зориулан Цагаан сарын шагайн харвааны тэмцээн болж, 18 багийн 156 мэргэн харваач цэц мэргэнээ сорин өрсөлджээ. Тэргүүн байрт Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн харваачид, дэд байрт Эрдэнэсант сумын харваачид, гутгаар байрт Өндөрширээт сумын харваачид шалгарлаа. Хувийн цуваа харвааг сумын иргэдийн дунд зохион байгуулж, тэргүүн байрт Р.Отгонбаатар дэд байрт Г.Түвшинсайхан гутгаар байрт Ж.Алтангэрэл нар байр эзэллээ.

 

Энэхүү үйл ажиллагаанд Төв аймгийн Шагайн холбооны удирдлагууд, тус сумын уугуул Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн Г. Чулуунбямба, Монгол Улсын Дархан мэргэн Д.Хүрэлсүх, Мэргэн Д.Жаргалсайхан, Гоц мэргэн Ш.Содбилэг болон улс, аймгийн цолтой мэргэн харваачид оролцжээ.

 

Шагай харваа нь эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн уламжлалт спорт бөгөөд анхаарлаа маш сайн төвлөрүүлэх, юмны зайг зөв баримжаалж сурах, багаар ажиллах чадвар, хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг, нүдний хараа болон хуруу гарын мэдрэмж сайжруулдаг ач холбогдол бүхий спорт байна. 


Монгол улсын XX зууны манлай харваач Цогт-Очирын Баярбат агсан нь 1940-1990 оны үед Төв аймагтаа хамгийн их хасаа оносон харваач гэдгээрээ алдартай. Тухайн үед шагайн харвааны спортыг төдийлөн нийтийн наадгай гэж үздэггүй байсан тул улсын цол, зэрэг олгодоггүй байсан бөгөөд тойром байгуулж түүндээ харвах сонирхолтой хүмүүс чуулдаг байсан гэдгийг нутгийнхан хуучлав. Иймд харваач Цогт-Очирын Баярбат агсанд 1998 онд Хүндэт үнэмлэх, 2000 оны 6 сард Монгол улсын XX зууны манлай харваач цолыг гардуулан өгсөн аж.



Related news