Хүүхдийн тэтгэлгээс 27.7 тэрбум төгрөгийн төлөгдөөгүй хуримтлал үүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-08 08:06:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Судалгаагаар сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүл салалтын тоо нэмэгджээ. Энэ нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өсөж хүмүүжиж, сурч боловсрох суурь эрхийг зөрчиж байна. Тиймээс хүүхдийн тэтгэлэг төлөлтийг сайжруулах, шүүхийн шийдвэрийг даган биелүүлж иргэд, эцэг эхийн ухамсар, хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ШШГЕГ-аас хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье гэсэн “Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй” аяныг эхлүүллээ.  


Тус байгууллагын мэдээллээр хүүхдийн тэтгэлгийн нийт 12690 гүйцэтгэх баримт бичгийн 30.4 тэрбум төгрөг байгаагаас 149 гүйцэтгэх баримт бичгийн 2.7 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 7678 хүүхдийн 27.7 тэрбум төгрөгийн тэтгэлгийн төлөгдөөгүй, хуримтлал үүсээд байна.

Хүүхдийн тэтгэлэг төлөгдөхгүй байгаа шалтгаан нөхцөлийг авч үзвэл төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй буюу хөрөнгө, орлого тогтоогдохгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, төлбөр төлөхөөс шууд зайлсхийсэн зэргээс болж шүүхийн шийдвэрийн бодит биелэлт хангалтгүй байгаа аж.




Аяны хүрээнд төрийн болон ТББ, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нийт 27658 гүйцэтгэх баримт бичгийн 2.1 их наяд төгрөгөөс 2828 гүйцэтгэх баримт бичгийн 78.8 тэрбум төгрөгийг биелүүлж, 24830 гүйцэтгэх баримт бичгийн 2 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. 

Related news