ОРХОН: Г.Энхнасан: Өвлийн спорт тамирчнаас тэвчээр их шаарддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-08 16:19:18
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт Монголын бүх ард түмний спортын 16, Хүүхдийн спортын 7 дугаар наадам болж байна. Энэ наадамд Төв аймгаас оролцож буй Г.Энхнасантай ярилцллаа. Тэрээр Төв аймгийн Жаргалант сумын "Зандан хөлөг" клубийн тамирчин, гүйлтийн цанын спортын мастер юм.


- Гүйлтийн цанын спортоор хичээллээд хэр удаж байна вэ?

Би Төв аймгийн Жаргалант суманд сурдаг. Гүйлтийн цанын спортоор хичээллээд 10 жил болж байна. Аав маань цанын спортоор хичээллэдэг. Аав шигээ сайн тамирчин болохын тулд энэ спортыг сонгосон. Тамирчин хүн нэг спортоо сонгоод түүндээ сэтгэл зүрхээ зориулж чадвал ямар ч саад бэрхшээлийг даваад гардаг. Бэлтгэлээ өдөр бүр хийвэл маш хурдан сайжирч чаддаг. Үр дүнд нь медалийн тавцан дээр зогсож байдаг. Тэр тавцан дээр зогсоод өөрийг тань дэмждэг гэр бүлийхнийгээ харахад ямар сайхан байдаг гээч. Өвлийн спорт тамирчнаас тэвчээр их шаарддаг.


- Шантраад энэ спортоо орхиё гэж бодож байсан үе бий юу?

- Өвөл хасах 20 хэмийн хүйтэнд гадаа 2-3 цагаар бэлтгэл хийн даарч, хацраа хөлдөөж, хөл хайрагдаж хөлдөхийн наахнуур байсан ч  нэгэнт л  өөрийн маань сонгосон  спорт учир тэвчээд өнгөрдөг.  Бүр хэцүү үедээ дүү нараа боддог. Би айлын том гурван дүүтэй. Дүү нар маань намайг харж, надаас үлгэр дуурайлал авах учраас би чадалтай эр хүн байх ёстой гэж бодож улам хичээдэг.


- Гаргасан амжилтаасаа дурдахгүй юу?

Би сүүлийн жилүүдэд оролцсон тэмцээн бүрдээ амжилт үзүүлж байгаа. 2018, 2022 оны Улсын аваргад түрүүлсэн, 2022 оны гурван сард гүйлтийн цанын спортын мастер цол хүртсэн. Гүйлтийн цанын спортоор бусад аймгийг бодвол Булган аймгийн тамирчид маш сайн бэлтгэлээ хийж, тэмцээн бүрд амжилт үзүүлдэг.


-Таны хувьд энэ спортоос өөртөө бий болгож чадсан зан чанар, эрхэм зүйл юу вэ?

- НӨХӨРЛӨЛ-ийг олж авсан. Энэ спортоор хичээллээд хүсэл мөрөөдөл, зорилго нэгтэй найзуудтай болсон. Зорилго нэгтэй найзуудтай байх хамгийн сайхан. Бие биеэсээ суралцана, урмын үгээр шагнана, ярилцана гээд олон боломжийг олгодог.  


- Орхон аймагт болсон "Мөнгөн өвөл-2023" өвлийн спортын наадамд хэр амжилттай оролцсон бэ?

- Гүйлтийн цанын сонгомол, тэшилттэй төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн.


- Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадмыг хэр хүлээж байв? Бэлтгэлээ бүрэн хангасан биз дээ?

- Бидний олон сарын бэлтгэлийн үр дүн гарах учраас цаг хугацаа алдалгүй бэлтгэл сургуулиа хийж байна. Манай Төв аймагт сүүлийн жилүүдэд өвлийн спортыг сонирхох тамирчдын тоо нэмэгдэж байгаа. Өвлийн спортын наадамд оролцох тамирчид, багш дасгалжуулагчдыг аймаг орон нутгийн удирдлагууд сайн дэмждэг. Бидэнд тусалж, биднийг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Бид заавал амжилт үзүүлэх болно.


-Ярилцсанд баярлалаа. Зорьсон зорилго, тэмцээнд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Өдөр бүр биднийг бэлдэж байгаа гүйлтийн цанын багш дасгалжуулагч Г.Батсүх, Л.Чинцэцэг багш нартаа баярласнаа илэрхийлье. Мөн аав ээж, гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье.

 

 

Related news