ДОРНОГОВЬ: Төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-15 11:48:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Батжаргал сумдын Засаг дарга нартай төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгууллаа.

Гэрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, Засгийн газраас эрх шилжүүлсэн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, сум, байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах талаар дурджээ.

Мөн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсөв болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төсвийн захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлох зэрэг ажлыг сумдын Засаг дарга нар хүлээжээ. Дорноговь аймаг 14 сумтай бөгөөд олон улсын Замын-Үүд боомт, Ханги боомттой 73 мянган хүн амтай газрын тосны үйлдвэр, шинэ төмөр замын бүтээн байгуулалт өрнөсөн томоохон аймгийн нэг юм.

Related news