Эрүүл мэндийн салбар дахь 700 стандартын 235-ыг нь шинэчлэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-16 14:18:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд барилгын салбарт 152 стандарт мөрдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт 700, хүнсний салбарт 300 стандарт мөрдөж байна. Үүнээс эрүүл мэндийн салбарт мөрддөг 700 стандартын 235-ыг нь шинэчлэх шаардлагатай, 125 нь ашиглах боломжтой байгаа аж.


Үүнтэй адил барилгын салбарт мөрдөх стандартын шинэчлэлийн талаар сарын хугацаанд орон даяар хэлэлцүүлэг хийж, иргэд олон нийт, мэргэжлийн хүмүүсээс санал авч буйг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр болсон “Стандарт ба хөгжил” уулзалт дээр дуулгалаа. Ингэснээр мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан тухайн стандартыг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг эрчимжүүлнэ гэдгийг мэдэгдлээ.




Тэрбээр стандарт гэдгийг хэн, ямар ажлыг, ямар түүхий эд, материалаар, ямар эрэмбэ дараатай, яаж хийгээд, ямар чанартай гүйцэтгэж байна гэсэн энгийн ойлголт гэдгийг тодотгов. Албан томъёоллоор бол стандарт гэдэг нь сонирхогч талууд бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу харилцан зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулсан норматив техникийн баримт бичиг юм.


Хамгийн гол нь энэ бүхнийг дагаж мөрдөх нь чухал байна. Дагаж мөрдөхдөө хүнд суртал гаргалгүйгээр, авлига хээл хахууль болголгүйгээр, шат дамжлагагүйгээр хийх ёстой гэв. Иргэд ч тэр бүхнийг мэддэг болж, хандив тусламж, тэтгэмжийнхээ оронд стандартаа нэхэж шаарддаг болъё гэв.



Барилгын салбарын стандартыг шинэчлэх талаар санал авч, хэлэлцүүлэг хийж байна.



Өнөөдөр өвлийн хүйтэнд цемент цутгаад барьж байгаа байшин хэр найдвартай байх вэ гэдэг нь тухайн барилгыг барьж байгаа хүнд биш, стандартыг мөрдүүлээгүй, хяналт тавиагүй хүмүүст нь хариуцлага тооцохоос эхэлж стандартыг хэвшүүлнэ гэдгийг хэллээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар 6510 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тодруулбал:

  • Эрүүл мэндийн 702,
  • Хүнсний 638,
  • ХАА-н 452,
  • Уул уурхай, ашигт малтмалын 345,
  • Хими, химийн технологийн 288,
  • Хэмжил зүйн 278,
  • Автозамын салбарт 223,
  • Мэдээлэл, харилцаа холбооны 200 стандарт хэрэгжиж байна.


Хамгийн их нь эрүүл мэндийн салбарт 702 стандарт мөрдөж байгаа бол хамгийн цөөн нь нано технологи болон хөгжмийн зэмсгийн тус бүр 1, төрийн үйлчилгээ, соёл урлагийн тус бүр 3 стандарт мөрдөж байна. 





Хууль эрх зүйн хүрээнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйг Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ. Мөн стандарт, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого болон "Стандарт ба хөгжил" Үндэсний хөтөлбөрийг боловсруулах юм. 


Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-ны 159 дүгээр захирамжаар үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулаад байна. Ажлын хэсэг нь стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийг олон улсын түвшинд хүргэх боломжийг судлах юм. Улмаар энэ талын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулан төр, засагт танилцуулах юм. 




“Стандарт ба хөгжил” уулзалтыг Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ) хамтран зохион байгуулав. 

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Related news