Элчин сайд Д.Баярхүү Туркменистан Улсад хавсран суух Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-18 09:16:43
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Туркменистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Туркменистан Улсын Үндэсний Их Хурлын дарга Гульшат Маммедовад 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.


Элчин сайд Д.Баярхүү Үндэсний Их Хурлын даргад бараалхах үеэрээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, цаашид харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ялангуяа хөдөө аж ахуй, байгаль хамгаалах салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг илэрхийлсэн байна.


Үндэсний Их Хурлын дарга Г.Маммедова Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, хүлээсэн үүргээ биелүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Мөн Монгол, Туркменистаны ард түмэн түүх, соёлын ижил төстэй зүйл олон байдгийг дурдаж, хоёр орны хууль тогтоох байгууллагын хооронд харилцаа тогтоох, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэжээ.

Related news