ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумаас "Алтан ботгоны эзэн" тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-02-20 08:16:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын Баруунсайханы нэгдүгээр багийн аймгийн аварга малчин Э.Эрдэнэтулга,  Д.Түмэнбайгаль нар “Алтан ботгоны эзэн”-ээр тодорлоо.

 

Төл малаа хорогдолгүй өсгөн бойжуулж, улс орныхоо малын тоо толгойг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан малчдад олгодог “Алтан төлийн эзэн” хэмээх энэхүү шагналыг 1978 оноос хойш тасралтгүй 45 дахь жилдээ олгож байгаа юм.

 

Аймгийн аварга малчин Э.Эрдэнэтулга, Д.Түмэнбайгаль нар усан бар жилдээ 57 ингэнээс 57 ботго бойжуулж, тэмээн сүргийнхээ ашиг шимийг боловсруулж, зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц манлайлан ажилласан амжилтаар ХХААХҮЯ, МҮОНРТ хамтран шалгаруулдаг "Алтан төлийн эзэн" шагналын "Алтан ботгоны эзэн"-ээр ийнхүү шагнуулжээ.

 

Алтан ботгоны эздийн шагналыг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд, Баруунсайханы нэгдүгээр багийн Засаг дарга Б. Дэнсмаа нар гардууллаа.

 

Н.Наранбаатар  УИХ-ын гишүүн:

Өмнөговь аймагт цаг үе хэцүү байгаа ч малчин түмний минь нөр их хөдөлмөрөөр аймгийн мал сүрэг таван төрлөөрөө өссөн сайхан амжилттай жил өнгөрлөө. Жил бүр шалгаруулдаг Улсын аварга малчнаар Өмнөговь аймгаас зургаан малчин тодорч, уламжлал ёсоор миний бие өргөө цагаан гэрт нь, хотонд нь гардуулан өгч байна. Ингээд гарч байгаа "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилд нийт өмнөговьчуудын ажил амьдрал өөдрөг сайхан байж, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийг ерөөе. 


Х.Батболд  Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч:

Даланзадгадчууд бид өнгөрсөн бар жилээ амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Түүний нэг манай сумын аймгийн аварга малчин Э.Эрдэнэтулга, Д.Түмэнбайгаль нар “Алтан төлийн эзэн”, тэр дундаа Өмнөговь аймгийн бахархал болсон тэмээн сүргээ өсгөн бойжуулж “Алтан ботгоны эзэн”-ээр тодорсон явдал юм. Энэхүү шагнал нь манай говь нутгийн тэмээн сүргийг өсгөн үржүүлдэг тэмээчин хүн бүрийн авахыг хүсэн хүлээдэг хүндтэй шагнал билээ. Энэхүү шагналыг уламжлал болгон өгдөг ХХААХҮЯ, МҮОНРТ-ийн хамт олонд талархал илэрхийлье. Удахгүй гарах усан туулай жилийн сар шинийн мэндийг та бүхэндээ хүргэе.

 

Э.Эрдэнэтулга Аймгийн аварга малчин, “Алтан ботгоны эзэн”:

Тэмээн сүргийг 23 дахь жилдээ өсгөн үржүүлж маллаж байна. Тэмээ гэдэг үнэхээр тэнгэрлэг амьтан. Энэ амьтныг өсгөн үржүүлнэ гэдэг сайхан шүү. Өсөлт жаахан удаантай ч гэсэн ашиг шим нь арвин их юм. Жилийн дөрвөн улирлаар сүү саалиа өгдөг, ноос, үс гээд их шүү. Бид буурлуудынхаа буяныг үргэлжлүүлэн өсгөн үржүүлж, тууштай маллалаа. Шинэ залуу малчдадаа хандаж хэлэхэд, малынхаа араас тууштай явж, сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Амжилт бүтээл ирж, төр засгаас үнэлдэг юм байна гэдгийг мэдэрч байна. 

Related news