ДОРНОГОВЬ: Хамарын хийд хөл хөдөлгөөн ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-27 11:55:27

Сайншанд /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт орших Хамарын хийдийг зорьсон аялагч, мөргөлчдийн тоо эрс нэмэгджээ.

Буян номын авшиг хүртэгч мөргөлчид сар шинийн билэгт сайн өдрүүдэд Хамарын хийд, Шамбалын орноо зорчин жилийн засал номоо хийлгээд хүсэл биелүүлэгч Ханбаян зүрх хайрханд гарч хүслээ шивнэдэг уламжлалтай. Өнгөрсөн жилүүдэд “Ковид-19” цар тахлаас үүдэж хүмүүс өргөн хүрээнд шинэлээгүй.

Харин энэ жил сар шинийн золгуут шинэлгээ өргөн байна гэж нутгийн хүмүүс ярив. Ташрамд дурдахад, Хамарын хийд, Шамбалын орон, Хайрхан уулын чиглэлд жилд 120 гаруй мянган гадаад, дотоодын жуулчид аялдаг бөгөөд говийн бүс нутгийн аялал жуучлалын томоохон маршрут нь мөн л Хамарын хийдийн орчим болоод байна.

Хамарын хийдийн цогцолбор газарт эрт үед даяанч нар сууж, бясалгал үйлдэж байсан 108 агуй, эхийн умай, өвчин, гэм арилгагч хад, сүсэгтнүүд сакура хэмээн нэрийддэг бүйлс модтой жалга судаг бүхий эргэл мөргөлийн газрууд болон Луутын цав хэмээх улаан, шар, хөх шавартай, дов толгод бүхий сонин тогтоцтой цав бий. 

Related news