ОРХОН: Бага ангийн багш нарыг Орхон аймагт ажиллахыг урина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-27 12:41:10
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд 16 хичээлийн 37 багш дутагдалтай байна. Үүнээс дүрслэх урлаг, биологи, технологи, нийгмийн ухааны багш нэн дутагдалтай байгаа юм. Технологийн эрэгтэй багш л гэхэд төрийн 9 сургуульд дутагдалтай байгааг БШУГ-ын мэргэжилтэн хэллээ.

Мөн бага ангийн багш нар ажлын байрандаа тогтворгүй, гадаадад гарч ажиллах нь нэмэгдсэн байна. Тэд нэг ангид 40-өөс дээш хүүхэдтэй харилцдаг, эцэг эхчүүдийн үүрэг, оролцоо дутмаг, зөвхөн багш л хүүхдийг сургах үүргийг дангаараа хүлээдэг, цалин хангамж муу гэсэн шалтгаанаар ажлаасаа гарч байгаагаа хэлж байна. Үүнээс болж зарим сургуульд нэгдүгээр ангийн хоёр ангийг нэг багш давхар хариуцан ажиллах ч тохиолдол гарч байгаа аж. Түүнчлэн бага ангийн багшаар төгсөх оюутны тоо эрс цөөрсөн тул хөдөө, орон нутагт ажиллах боловсон хүчний дутагдалд оржээ.

Мөн алслагдсан сургуулийн багш нар төвийн сургууль рүү шилжиж байгаа нь зарим сургуульд багагүй бэрхшээл үүсгэж байна. Иймд юуны өмнө бага ангийн багшаар төгсөж байгаа оюутнуудыг Орхон аймагт урьж ажиллуулах талаар аймгийн ЗДТГ, БШУГ тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлдэж байна.

Бага ангийн багшаар төгсөөд Орхон аймагт ирж ажиллавал нийгмийн асуудлыг нь тодорхой хувьд нь шийдэхээр судалж байгаа юм.  Мөн Орхон аймаг “Багш” дэд хөтөлбөрийг 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ нь багшийн хөгжлийг дэмжих, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, гадаад, дотоодод сургахад чиглэдэг тул давуу тал болно гэж үзэж байгаа юм. 

Related news