ДУНДГОВЬ: С.Өнөрням: Судалж, суралцаж чадвал үнэхээр арвин баялаг өв бидэнд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-27 14:55:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин туулай жилийн сар шинийн баяраар Дундговь аймгийн Гурвансайхан сумын малчин Сосорын Өнөрнямынд зочилсон юм.

С.Өнөрням малаа маллаж, ашиг шимийг хүртэн, түүхий эдээ боловсруулж, мал аж ахуй, амьдралдаа хэрэгцээтэй бүхнийг өөрөө хийж, урлаж, үйлдвэрлэж суудаг, монгол зан заншил, өв уламжлалаа тээж яваа энгийн боловч нутаг усандаа хүндлэгдсэн, эгэлгүй нэгэн малчин хүн юм. Түүний эхнэр Г.Сонинжаргал орсон гарсан хүн бүрийг дайлж, цайлсан, яриа хөөрөөтэй, унд ус сайтай эмэгтэй.

Арьс нэхийгээ уламжлалт аргаар боловсруулан, сур элдэж, үхрийн ширээр хөхүүр хийж, буриад гутал урлан, ямааны сам, модон сандлаас эхлээд төмөр, модоор хийж болох бүхнийг өөрөө хийдэг, нутаг усныхаа бүх л айлын хайч, иртэй бүхнийг ирлэж суудаг чадахгүй юмгүй, залуу малчдад үлгэрлэж чаддаг, холч ухаантай ийм малчин өнөө цагт тийм ч олон таарахгүй л болов уу. Түүнтэй мал маллагаа, туршлага, өв уламжлал, малчин болсон түүхийг нь хуучиллаа.



-Удам дамжсан малчин хүний хувьд хүүхэд байхаасаа мал дагаж өссөн байх. Малчин болсон дурсамжаар ярилцлагаа эхэлье.     

-Миний аав, ээж малчин хүмүүс. Өвөг дээдсээсээ л мал маллаж, энэ л нутагтаа амьдарч ирсэн. Би эхээс 11-үүлээ. Нэг эгч маань лаборант болж, аймгийн төвд амьдарсан бол бусад нь бүгд малчин болсон. Одоо ах эгч нарын маань хүүхдүүд ихэнх нь мал дээр гарч, малаа маллаж, сайхан амьдарцгааж байна.

Аав маань "Мал дагавал ам тосдоно" гэдэг байсан юм. Үнэхээр мал маллах сайхан шүү. Манайх 5 хүүхэдтэй. Хоёр хүү, нэг охин маань мөн малчин болсон.

Би ухаан орсон цагаасаа л хурга ишиг дагаж, аав ээжээсээ мал маллах арга ухааныг сурсан хүн шүү дээ. 1986 онд наймдугаар ангиа төгсөөд албан ёсоор мал дээр гарч, 40 орчим жил мал маллаж байна. Манай өвөг дээдэс, аав ээж маань Их газрын чулуу, Ерлөг хайрхан, Тахил, Тогоо гээд олны танил энэ сайхан нутагт амьдарч ирсэн, одоо бид тэднийхээ буян хишгийг хүртэн сайн, сайхан л явцгааж байна.


-Уламжлалт мал аж ахуй, зан заншил, өв соёлыг танайхаас мэдэрч, бахархах сэтгэл төрж сууна. Хүн бүр л бэлэнчилдэг болсон өнөө цагт арьс нэхийгээ элдэхээс эхлээд өв уламжлалаа хадгалж яваа нь сайхан байна.

-Малын буян их шүү дээ. Малаас гарч байгаа юм бүхэн хоол хүнс, эд хэрэглэл болдог болохоор юухан ч байсан хаях дургүй. Болж л өгвөл юм болгох санаатай.

Арьс нэхийгээ элдэнэ, энэ нь өвлийн хүйтэнд дулаан хувцас, дэвсгэр аминд орно. Үхрийн ширээ боловсруулж, хөхүүр хийнэ. Ах дүү нар, нутгийнхан маань захиалж, хийлгээд авдаг л юм. Ямааны сам хийж, нутаг усныхандаа хэд гурван төгрөгөөр өгнө.

Бизнес болгож их хэмжээгээр хийдэггүй, өвөл идшээ хийгээд гарсан арьс, нэхийгээ элдэж, сур, хөхүүр гээд ойр зуурын юм хийж, ахуйгаасаа илүү гарсныг борлуулдаг. Бодоод байхад аав, ээж маань энийг ингэж хийдэг, тэгж хийдэг гэж яг зааж байгаагүй л санагддаг юм. Гэхдээ тэднийхээ хийж байгааг харж, хамт хийлцэж байгаад л энэ бүгдийг сурсан байх. Хүн өөрөө суръя, мэдье, хийе гэсэн тэмүүлэлтэй байвал бүгдийг л сурна шүү дээ.


-Буриад гутал сайхан хийдэг гэж сонссон. Гутал хийхийг бас аав, ээжээсээ суралцсан уу?

-Түүнийг харин багшаас сурсан. 2000-аад оны үед аймгийн төвд очиж Д.Төрбат багшдаа шавь ороод гутал хийлгэхийг заалгасан. Түүнээс хойш олон гутал хийсэн дээ. Гараар хийсэн гутал бөх, дулаан байдаг. Хөдөө өмсөхөд тохиромжтой гутал шүү.  


-Малчид 1990-ээд оноос хөхүүрийг ашиглахаа байж, урд хөршөөс орж ирдэг цанхэр саванд айргаа исгэдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд хөхүүрээ ашигладаг болж байгаа нь сайшаалтай.

-Тийм шүү. Би ч бас сүүлийн жилүүдэд л хөхүүрээ хийж байна. Хүмүүс захиалж аваад байдгийг бодоход хэрэглээ нэмэгдэж байгаагийн илрэл байх.

Биднийг бага байхад хөхүүрэнд айргаа, модон торхонд хоормогоо исгэж, хадгалдаг байлаа. Бас бетон сав ховор байсан болохоор арьсан бортого их хэрэглэдэг, үхрийн олгойд сүүгээ хөлдөөдөг л байлаа шүү дээ. 

Уламжлалт гэсэн бүхнээ бид хаяж, гээх ёсгүй гэж боддог.

Тийм болохоор болж л өгвөл хэрэглэдэг юм бүхнийг өөрөө хийх гэж хичээдэг. Хүүхдүүд, дүү нартаа ч хэлдэг. Зарим нь үглэлээ л гэж боддог байх.

Хөхүүр хийхийн тулд ширээ эсгэхгүйгээр, бүтэн авах, түүнийгээ зөв идээлж, боловсруулахаас л эхэлнэ шүү дээ. Үхрийн ширний том, жижгээс хамаараад 100-200 хүртэл литрийн багтаамжтай хөхүүр хийдэг. Юухан ч хийж сурсан хүнд илүүдэхгүй. Бэлэнчлэх тусам л хүн залхуу болж, сэтгэх, хийх, бүтээх нь багасдаг болохоор би зүгээр суух тун дургүй хүн дээ.




-Мал аж ахуй бол байгаль, цаг уурын нөхцөлөөс ихээхэн хамаардаг салбар. Тиймээс нүүдлийн мал аж ахуйг эрхлэн, амьдрал ахуйгаа тэтгэж явахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Цаг сайхан байвал малчин хүний жаргал тэр шүү дээ. Энэ жил өвөл өнтэй сайхан байлаа. Хавар ч гайгүй байх болов уу гэж л бодож сууна. Мал жилбэтэй байгаа юм хойно хаврыг гайгүй давчих байх аа.

Манайх их олон малтай байхыг чухалчилдаггүй. Амьдрал амьжиргаанд маань хүрч л байвал их олон мал өсгөх нь бэлчээргүйдэж, бусдад ч төвөгтэй баймаар санагддаг.

Өвөл их хүйтэнд бол хад руу ороод өвөлжчихдөг. Тэгээд бусад үед 2-3 бууц сэлгээд л нүүдэллэдэг. Цаг муудах үед дулаан хороо, бууц л чухал байдаг. Ялангуяа хаврын цагт. Тиймээс манайх өнгөрсөн жил хороондоо хүлэмжирхүү дулаан пүнз барьсан. Салхи орохгүй, дээрээсээ нар ээгээд дулаахан гэж.

2000 оны хавар айхтар цасан шуурга болоход хороонд байсан мал цасанд дарагдаж, их олноор үхсэн. Өвлийн хүйтнийг давчихаад хаврын дулаан ороход малаа үхүүлэх харамсалтай санагддаг. Тэгээд ч дулаан хороо бууцтай байх юм бол төл малыг ч үхүүлэлгүй бүрэн бойжуулах боломжтой.  


-Хүүхэд насныхаа сайхан дурсамжаас хуваалцвал сонирхолтой байх болов уу?

-Биднийг бага байхад одоогийнх шиг юм элбэг байсангүй. Хүүхэд байхдаа бид байгалийн чулуугаар л тоглож өслөө шүү дээ. Чулууг анзаараад байхад янз бүрийн дүрстэй. Том хавтгай чулуу цуглуулж тойруулж өрөөд гэр хийчихнэ, дөрвөлжин, гонзгой чулуугаар авдар сав, ор болгоод өрчихнө, бөөрөнхий чулуугаар зуух хийчихнэ, за тэгээд цагаан чулуу цуглуулж хонио хотлуулаад, гурвалжин чулуугаар адуу, тэмээний бөх шиг хэлбэртэй чулуугаар тэмээ хийх гэх мэтээр л тоглодог байжээ. Шаазангийн хагархай, гялгар, мөнгөлөг болон чихрийн цаасаар гэрээ гоёод л хэнийх нь гоё айл болох вэ гээд, бие биенийхээрээ айлчилж тоглодог байсан. Хэрэв нүүх бол тоглоомоо аваад л явдаг байж. Бидний хүүхэд нас тэгж л өнгөрсөн дөө.

Ингэж багаасаа тоглоом маань хүртэл мал аж ахуйтайгаа холбогддог байж. Харин одоо энэ соёлоосоо хөндийрч байх шиг байна. Чулуун тоглоомоор биш, гар утсаар тоглох хүүхдүүд хаа сайгүй болжээ.


-Тэр тийм шүү. Та залуу малчдад юу гэж захихсан бол?

-Залуу насны аагаар онгирч, алдаж онох нь бий. Би ч бас тэгж л явсан. Залуучууд маань нэгдүгээрт архи, дарснаас хол яваарай, эрүүл мэндээрээ хохирч, сайхан залуу насаа барна. Хоёрдугаарт, мал маллахаар шийдсэн л бол бүх зүйлийг бэлэнчлэлгүй өөрөө хийж сураарай. Манай өвөг дээдэс бидэнд үнэхээр гайхалтай уламжлал, зан заншил, өв соёлыг үлдээсэн байдаг шүү. Залуучууд минь үр хүүхдээ ажилд дурлуулж, зөв хүмүүжүүлээсэй, ирээдүйд бидний дархлаа болсон өв соёлыг тэд л үргэлжлүүлнэ дээ гэж боддог юм.

За тэгээд гарч буй туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байг гэж ерөөе дөө. Эрүүл байх шиг жаргал үгүй. Мал дагах л бол ёс уламжлал, зан заншлаа хамт л тээж яваарай. Монгол гэрээ бариад, монголоороо амьдрах үнэхээр сайхан. Судалж, суралцаж чадвал үнэхээр арвин баялаг өв бидэнд бий шүү.

-Ярилцсанд баярлалаа. 





Related news