ХӨВСГӨЛ: Мөсний баярыг санаачлагчдын нэг Ж.Төмөрсүхэд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-03 13:49:25

Хатгал  /МОНЦАМЭ/. “Хөх сувд” мөсний  баярыг санаачлагчдын нэг Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхэд аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Засаг даргын орлогч М.Хуягбаатар нар хүндэтгэл үзүүллээ. Ж.Төмөрсүх нь эх орныхоо байгаль, ан амьтан, түүх, соёлын дурсгалыг хайрлан хамгаалах үйлсэд 40 шахам жилийн хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хамгаалалтын захиргааг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллаж Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртсэн юм.


Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан. Харин 2001 оноос мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болж өргөжин хөгжиж байгаа юм.

Related news