ЗАВХАН: Засаг даргыг огцруулахгүй, хэвээр үлдээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын ээлжит
бус 10 дугаар хурал хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах
асуудлыг хэлэлцжээ.
Аймгийн ИТХ-ын аравдугаар хуралдаан хуралдахаар товоо зарлаж, товлосон хугацаанд 39 төлөөлөгч хүрэлцэн ирснээр ирц 97.5 хувьтайгаар хуралдаан эхэлсэн. Нэр бүхий аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн санал гаргаснаар энэхүү ээлжит бус хуралдааныг хуулийн хугацаанд хуралдуулсан бөгөөд нэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хурлыг аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир нээж үг хэлсний дараа хуралдаанаар хэлэлцэх асуудал, дотоод журмыг хэлэлцүүлж батлуулахад дахин нэг асуудлыг нэмж хэлэлцэхээр санал оруулснаар энэхүү хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн юм.
Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Ч.Болдын бүрэн эрхийг сэргээх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Мөнххүрэл нарын
хуралдаанд хэлэлцүүлэхээр гарын үсэг зурсан аймгийн Засаг дарга
Д.Түвшинжаргалыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Цагаанчулуут сумаас аймгийн ИТХ-ын
төлөөлөгчөөр сонгогдсон Ч.Болд нь шүүхийн маргаантай байсны улмаас түүний бүрэн
эрхийг түдгэлзүүлсэн байсан бөгөөд шат шатны шүүхийн байгууллагаас гэм буруугүй
нь тогтоогдсон тул, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг нь энэ хурлаар
хэлэлцэж сэргээлээ.
Харин аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлын үндэслэлийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Мөнххүрэл танилцуулан хэлэлцүүлсэн.
Ингээд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах тухай асуудлыг дэмжинэ, дэмжихгүй гэсэн томъёоллоор нууцаар санал хураалт явуулахад нийт 39 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч дэмжиж, 19 төлөөлөгч дэмжээгүй санал өгч, дөрвөн саналын хуудас хүчингүйд тооцогдсон юм.
Санал хураалт явуулах Тооллогын комиссыг
гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд комиссын даргаар аймгийн
ИТХ-ын төлөөлөгч Д.Уужимсанаа, гишүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Болормаа,
Л.Бат-Амгалан нар ажиллалаа гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.