ДОРНОГОВЬ: Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд 10 мянган айлын орон сууц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-10 14:14:10

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж  чуулган зохион байгуулж байна. Тус чуулганд 21 аймгаас төлөөлөгч оролцож байна.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал илтгэлдээ хөдөөг харах өнцгөө өөрчлөх цаг нь болсон, хөдөөгийн хөгжил хурдасч байна, аймаг бүр хөгжлийн шинэ загвараа тодорхойлон орон нутгаа хөгжүүлэх боломжтой, улсын төсөвт дарамт бус дэм болох хөдөө бий болно, их бүтээн байгуулалт-үйлдвэржсэн хөдөөг байгуулах боломжтой, дорнын говьд улсын зэрэглэлтэй ухаалаг шинэ хотыг бүтээн байгуулах зорилгыг дэвшүүлж байгаа талаар онцолсон юм.

Аймгийн ЗДТГ-аас энэ оныг “Нээлттэй Дорноговь” зорилтот жилийн болгон зарлаж тус аймагт шилжин суурьших иргэдэд төрийн үйл ажиллагаагаа нээлттэй байлгах, орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлийн боловсон хүчнийг суурьшуулахад анхаарах, шилжин суурьшихад тохиолддог хүндрэл бэрхшээлийг арилгах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.

Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 23-ны тогтоолоор Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам батлагдаж, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Сайншанд, Замын-Үүд сумын нутагт хоёр өрөө бүхий 288 айлын дөрвөн блок түрээсийн орон сууцыг 2021-2023 онд барьж ашиглалтад оруулах юм. Үүнээс гадна Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд 10 мянган айлын орон сууцыг үе шаттай барьж байгуулах талаар аймгийн Засаг дарга О.Батжаргал мэдээлэв.

Related news