СЭЛЭНГЭ: МСҮТ-ийн Авто механикийн засварын анги сургалтын шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-10 14:44:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь МСҮТ-ийн Авто механикийн засварын ангид сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

  

ХБНГУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер нээлтийн үйл ажиллагаанд оролцох үеэрээ Сэлэнгэ МСҮТ-ийн бусад анги, кабинетаар орж сургалтын үйл ажиллагаатай танилцсан.

 

Мөн тэрбээр Шаамар сум дахь МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, зөгийн болон хүнд машин механикийн ангийн сургалтад анхаарч ажиллана хэмээв.   

  

Тодруулбал, өнгөрсөн 2022 онд Мобиком корпорацын санхүүжилтээр Сэлэнгэ МСҮТ-ийн оёдлын ангид Япон улсад үйлдвэрлэсэн JUKI брэндийн олон үйлдэлт оёдлын арван ширхэг автомат машинаар хөрөнгө оруулалт хийсэн.  

 

Энэ удаа Сүхбаатар сум дахь МСҮТ-ийн автомашины засварчин бэлтгэх дадлагын газрыг шинэчлэхээр ХБНГУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт гаргасны дагуу ийнхүү 25.000.000 төгрөгийн өртөг бүхий засварын багаж, тоног төхөөрөмжийг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.

 

Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-ийн автомашины засварчин бэлтгэх мэргэжлийн багш Э.Тэнгис:

“Би энэ мэргэжлээрээ 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 110 гаруй хүүхэд төгсгөсөн. Хүүхдүүд маань ажлын байраар маш сайн хангагддаг. Манай төгсөгчдөөс 40 гаруй хүүхэд байнгын ажлын байртай болсон.

 

Бидний хувьд нэн шаардлагатай, бусад авто засваруудад хэрэглэдэг тоног төхөөрөмж. Энд суурин автомашин өргүүр, өргүүрийг ажиллуулахад шаардлагатай төхөөрөмж, гар багаж, хийн буюу имфакт буу дагалдан ирсэн. Эдгээр нь хүүхдүүд цаашид ажлын байранд гарахад заавал эзэмшиж сурсан байх шаардлагатай тоног төхөөрөмжүүд юм” хэмээн ярилаа.

 


Related news