ЗАВХАН: Хөгжлийн үнэлгээг 8200 гаруй хүүхдүүд хөтөлж сурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-13 14:53:05

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймгийн 8200 гаруй хүүхэд хөгжлийн үнэлгээний дэвтэртэй болжээ.

2022-2023 оны хичээлийн жилдХүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийг аймгийн 24 сумын ерөнхий боловсролын 29 сургууль, гурван коллежийн суралцагчдыг хамруулан хэрэгжүүллээ.

Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2018 оноос хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хичээлийн жилд аймгийн 24 сумын Ерөнхий боловсролын сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Политехник коллеж гэсэн нийт 32 сургуулийн 11-17 насны 8217 хүүхдийг хамруулан дахин хэрэгжүүлсэн юм.

Миний гэр бүлхөгжлийн хөтөлбөрт 11-14 насны 5000 хүүхэд хамрагдсан. Харин Миний ертөнцхөгжлийн хөтөлбөрт 15-17 насны 3217 хүүхэд хамрагдаж байгаа энэ хөгжлийн хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудтай хамтран хэрэгжүүллээ. Хөгжлийн хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд бүр таван чиглэлээр 30-35 цогц чадварыг эзэмшиж, хөгжлийн үнэлгээний дэвтэртэй болсон.

Мөн хүүхдүүд бие даан суралцах замаар амьдрах ур чадвар эзэмшиж, эцэг эх, хүүхдийн гэр бүлийн боловсрол дээшилж тэдний хоорондын харилцаа сайжирч, бие биенээ хүндлэн дэмжиж, бат бэх гэр бүл бэхжихэд эерэгээр нөлөөлсөн.

“Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөр нь миний ирээдүй, миний санхүү, миний харилцаа, миний эрүүл мэнд, бидний бахархал гэсэн таван бүлгээс бүрдсэн ба хүүхдүүд сэдвүүдийн хүрээнд сурч хөгжих хэрэгцээгээ тодорхойлж, амьдрах ур чадварыг эзэмшиж байна.

Гэр бүлийн өнөөгийн байдал, амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлт чиг хандлагын талаарх судалгааны дүнгээс үзэхэд гэр бүлийн харилцааны шинж байдлын эрчимтэй өөрчлөлтийг даган хосууд гэрлэлтээ бүртгүүлэх асуудалд хайнга хандах болсноорхамтран амьдрагчид”-ын тоо жилээс жилд нэмэгдэн, эрх зүйн чадамжгүйгээс гэр бүлийн хариуцлага буурч, хүүхдийн эрх зөрчигдөх зэрэг хуулийн дагуу шийдвэрлэх боломжгүй олон хурц асуудлууд нийгэмд ихээр гарч байна.
Түүнчлэн Залуу гэр бүл бологсод хангалттай бэлтгэгдээгүйгээс гэр бүл салах, салсны дараа үр хүүхдэдээ тавих анхаарал халамж муудах, хүүхдээ авч үлдсэн гурван хүн тутмын хоёрт нь хариуцлага ачаалал нэмэгдэж, түүнийг даган хүүхдийн гэр бүлдээ аав, ээжтэйгээ эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдрах язгуур эрх зөрчигдөж, улмаар хүүхдийн хөгжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байна.
Иймд гэр бүлийн хөгжлийг хамтдаа дэмжих энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол ёс заншил, уламжлал, соёлыг сэргээн хүүхэд залуучуудад өвлүүлснээр гэр бүлийн ёс зүй, харилцаа, үнэ цэн, үнэлэмж нэмэгдэж бат бэх гэр бүлийн суурь тавигдана гэж Завхан аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.

 


Ташрамд, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санхүүжилттэй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” (2023-2024) төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийг Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 15 сарын хугацаатай хэрэгжүүлэх аж.


Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд, бүх талын хамтын оролцоог сайжруулж, цахим орчинд хүүхэд өөрийгөө хамгаалах, интернэт болон нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр хүүхэд, эцэг эхчүүдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх гэх мэт олон талт үйл ажиллагааг төслийн хүрээнд хэрэгжүүлнэ. 



Related news