ГОВЬ-АЛТАЙ: Таблеттай багш" хөтөлбөрийн баг Говь-Алтай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-16 12:47:33

Есөнбулаг /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Таблеттай багш” хөтөлбөрийн сургагч багш нар энэ сарын 13-15-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллав.


Хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчин өрхийн гэр бүлд явуулын багшийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад багш, эцэг эх, асран хамгаалагч, 2-3, 4-5 насны хүүхдэд дэмжлэг үзүүлэх зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан юм.


Мөн Есөнбулаг суманд “Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих сургалтыг гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн БШУГ-ын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгийг эрхлэгч, явуулын багш зэрэг нийт 50 гаруй оролцогч хамрагдлаа.


Тус хөтөлбөр бага насны хүүхдийн хэл яриа-танин мэдэхүй, нийгэмшихүй-сэтгэл хөдлөл, хөдөлгөөн-эрүүл мэндийн хөгжлийг цогцоор нь дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулан чиглүүлэгч буюу гэр бүлд суурилсан сургалт явуулах багш /явуулын/ бэлтгэх, багшийн арга зүйг хөгжүүлэх, эцэг эх хүүхэдтэйгээ ажиллах арга барилд суралцах зэрэг орчинд түшиглэсэн боловсролын арга зүйд суралцуулах зорилготой юм.

Related news